ЗГ: ЭМЯ-ны ТНБ-ийн даргыг чөлөөлж, ТӨБЗГ-ын даргаар З.Мэндсайханыг томиллоо

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж  гадагшаа явж суралцах болсон тул  түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Б.Бямбадоржийн тухайд  хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр  зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм. Тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан юм. 

Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан З.Мэндсайханыг  Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилжээ. Түүнийг улстөрийн хүрээнийхэн  гэрлийн хурдаар албан тушаал дэвшдэг хэмээн ярьдаг. Учир нь тэрбээр 2016 оноос Эрчим хүчний яамны ТНБД-аар ажилласан. Сангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны ТНБ болсон нь түүнийг ийн хэлүүлэхэд хүргэсэн гэж болно. Мөн тэрбээр "Ньюсувагт констракшн" ХХК, "Магнатайэрс монголиа" ХХК, "Вүүлховд" ХХК-иудад хувь эзэмшдэг юм байна. 

Дашрамд мэдээлэхэд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд түр ажиллаж байсан юм.