ХНХ-ын сайд С.ЧИНЗОРИГ: ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

 “Бүх насны хүний эрх тэгш байдлыг хангахын төлөө” уриан дор дэлхий даяар тэмдэглэж буй Олон улсын ахмадын 27 дахь өдрийн мэндийг нийт ахмадууддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.

Ахмад үеийнхэн маань цаглашгүй их билиг ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөр үйлсээрээ өнөөдрийн тусгаар Монгол Улсаа цогцлуулан хөгжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээсэн бахархан дуурсагдах гавьяатай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүмүүс билээ. Монгол Улсын үе үеийн төр засаг ахмадуудаа хүндэтгэн дээдэлж, асран халамжлах, ая тухтай, сэтгэл хангалуун амьдруулахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

Манай Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт ахмад настны талаар тусгасан зорилтуудаа хэрэгжүүлж, тэдний эрх, хөгжил, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудалд онцгой анхаарч олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ-ын чуулганаар батлуулсан. Энэхүү хуульд ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний эрх, эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах арга хэмжээг цогцоор нь тусгасан билээ. Засгийн газраас уг хуулийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолыг 2019 онд баталлаа.

Мөн ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн нийгмийн халамжийн тухайлбал, асаргааны тэтгэмж, эмийн үнийн хөнгөлөлт, протез, ортопедийн хэрэгсэл олгох, амралт, сувиллын эрхийн бичиг олгох, орон сууцны хөлсийг хөнгөлөх, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах, мөн алдар цолтой ахмад настанд үзүүлэх нэмэгдэл, хөнгөлөлт, тусламж зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Засгийн газраас өндөр насны тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавин хэрэгжүүлснээр 2016 онтой харьцуулахад тэтгэврийн хэмжээ 20.0-25.0 хувиар өссөн байна. Энэ онд тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд 2020 онд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Мөн тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр заавал ахмадуудад олгох зохицуулалтыг тусгаж, тэднийг тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүллээ. Бид тэтгэвэр барьцаалсан урт хугацаатай зээлийн хүүгийн хэмжээг энэ оны аравдугаар сарын 1-нээс 15.6 хувь, 2020 оны нэгдүгээр сараас 13.0 хувь болгон бууруулна. 

Түүнчлэн 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрээр 40 гаруй мянган хүнийг тэтгэвэрт гаргаж улмаар 1996 онд тэтгэврийн насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар тэтгэврийг зогсоож нөхөн олговор болгож эрх ашгийг нь зөрчсөн үйлдлийн улмаас тэд хамгийн бага тэтгэвэр авч байгаа. Засгийн газраас эдгээр хүмүүсийн суурь тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн улсад ажилласан хугацааг хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор болсон. Хуулийн энэ заалтыг ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ.  Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг жил бүр шинэчлэн батлан хэрэгжүүлж байна. Цаашид “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлнэ.

Ахмадын өргөө шинээр барьж байгуулах, их засвар хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, 2017 онд 61.5 сая төгрөг, 2018 онд 2.0 тэрбум төгрөг, 2019 онд 10.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ахмадуудад зориулсан 17 барилга, байгууламжийг шинээр байгуулж, 12 төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, нэг барилгад их засвар хийж сайжрууллаа.  

Төрийн зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлж байна. Тухайлбал, ахмад настны холбогдолтой хууль, тогтоомж, бодлого шийдвэрийг сурталчлах, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалт, уулзалтыг Монголын ахмадын холбоотой хамтран орон нутагт зохион байгуулж, 100 гаруй мянган ахмад настныг хамрууллаа.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлаас хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амыг насжилтад бэлтгэх, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлого, үйл ажиллагааг тэдний эрх, ашиг сонирхол, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлэх болно.           

            Ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ урт нас, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

                                     УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ