Монгол улс “Ташкент-2019” Гран Прид багаараа 13 байр эзэллээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дэлхийн 70 орны эрэгтэй 231, эмэгтэй 190, нийт 421 жүдоч оролцоход 29 улс шагналын тавцанд зогсчээ. Манай улс энэ удаад 4 эрэгтэй, 5 эмэгтэй тамирчнаа оролцууахад Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий 5-р байрын шагналт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Казахстан, Азербайжан, Израйл, Мороккогийн тамирчдыг ялсан бол аваргын төлөө -48 кг-ын жингийн олимп, дэлхийн мөнгөн медальт БНСУ-ын Жон Бо-Кюүньд ялагджээ. Харин эрэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилтыг ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн үзүүлж, долдугаар байр эзэлсэн байна. Түүнээс өөр манай нэг ч жүдоч шилдэг наймд шалгарч чадсангүй. “Ташкент-2019” Гран При ОХУ-ын жүдочид 5 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлсэн бол эзэн орон Узбекистан 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар удаалсан. Харин жүдо бөхийн эх орон япончууд гурвуулаа ирээд 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Тэднээс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нь “Рио-2016” олимпийн аварга Машү Бейкер байсан ч -90 кг-ын жинд түрүүлэх хувьтай Шведийн Маркус Неймэнд ялагдаж, хүрэл медаль хүртжээ. IJF-ийн дэлхийн цувралын дараагийн тэмцээн Бразилийн нийслэл Бразилиа хотноо ирэх аравдугаар сарын 6-нд зохиогдох бөгөөд Гранд Слам тэмцээнээр үргэлжилнэ.