Б.Хорлоодой аваргын төлөө шалгарлаа

“Ташкент-2019” Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээн өнөөдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Энэ өдөр манай таван бөх өрсөлдсөнөөс ОУХМ залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрт, “Хилчин” спорт хорооны тамирчин Бишрэлтийн Хорлоодой аваргын төлөө шалгаран үлдлээ. Тэрбээр эхний даваандаа Казахстаны Нурсулу Ералиеваг 28 секундэд хөмрөх мэхээр цэвэр, хоёрдугаар тойрогтоо Азербайжаны Гултаж Маммадалиеваг цаг дуусахаас 4 секундын өмнө мөн хөмрөх мэхээр вазари буулгаж ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Израйлын Жефан Примог нэмэлт цагт үндсэн шахаж татах мэхээрээ ялсан бол хагас шигшээд Мароккогийн Иракүй Соумияг хөмрөхөд нь араар нь давж эргэж вазари аваад улмаар даралтад оруулж, 10 секунд дарснаар анх удаагаа Гран При ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна. Тэрбээр аваргын төлөө -48 кг-ын жингийн олимп, дэлхийн мөнгөн медальт БНСУ-ын Жон Бо-Кюүньтэй хүч үзнэ.

Түүнтэй хамт энэ өдөр хүч үзсэн манай бусад дөрвөн бөхийн хувьд ОУХМ Д.Алтансүх, Г.Наранцэцэг нар нэг ялалт байгуулсан бол Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд нар эхний даваандаа бүдэрлээ.