Б.Шоовдор дэлхийн хошой медальтан боллоо

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь, эмэгтэйчүүдээс долоо тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) болж байна.
Б.Шоовдор өчигдөр 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ЕАШТ-ий алт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Анжелина Лысакыг цэвэр ялав.