Б.Болортуяа дэлхийн медальтан боллоо

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд урамтай сайхан барилдаж ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуныг 12:9-өөр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүний анхны багш ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн тэдний багш, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт халуун баяр хүргэе. Т.Сүхбаатар багш маань шавийнх нь шавь дэлхийн дэвжээнээс медаль хүртэхэд баярласан сэтгэлээ илэрхийлж өөрийнхөө "брэнд" бүжгээ "Барыс" ордонд хийж үзэгч олныг хөгжөөгөөд авна лээ. Аргагүй биз ээ.

Б.Бат