Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээг эцэслэн шийдээгүй гэв

 Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.

Улмаар тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь  дэмжсэнээр ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар болсон.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулгын  зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхааруулж байсан. 

Гэвч өчигдрөөс эхлэн зарим мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд санал асуулгыг явуулахад 29 тэрбум төгрөг гаргахаар болжээ гэсэн мэдээлэл гарч олныг бухимдуулаад байсан.

Тэгвэл УИХ-ын Тамгын газраас Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээг эцэслэн шийдээгүй байгаа гэдгийг дахин онцолж байна. Тодруулбал, аравдугаар сарын 30-31 буюу 29.0 тэрбум төгрөг гэдэг нь ТББХ дээр яригдсан санал бөгөөд энэ талаарх УИХ-ын шийдвэр жич гарах ажээ. Мөн өчигдөр чуулганаар баталсан, тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд "Ард нийтийн санал асуулга явуулах товыг тусгайлан зарлан тунхаглах бөгөөд үүнээс хойш ажлын 3 өдрийн дотор төслийн уг эхийг албан ёсоор нийтэлнэ" гэж Журмын тухай хуульд заажээ.