АТГ-ынхан Гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг дэлгэлээ

АТГ-аас дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ.

Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Энэ бол тухайн цаг үед авсан хахуулын бичлэг юм байна. АТГ-ын комиссарын мэдээлснээр, 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан. Хэдийгээр энэ үйлдэл нь мөнгөн дүнгийн хувьд бага боловч 90 тонн ачаан дунд ямар зүйл ямар хор уршиг үүсгэж болох вэ гэдэг нь тооцоологдоогүй хохирол юм. Мөн гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна" гэлээ. Түүнчлэн, 

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
  •  
  • Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.
  •  
  • Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.