УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг энэ сарын 30 хүртэл сунгаж, гишүүдийг гадаад, дотоодод томилолтоор явахыг хязгаарлаал байсан.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж дууссан гэдгээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэж, улмаар ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө татсан бол УИХ өчигдөр Ард нийтийн санал асуулга авах хуулийн хэлэлцүүлгийг хийж ирэх сарын 30, 31-нд санал асуулга явуулна хэмээн хугацааг товлосон.  

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 16.00 цагаас хуралдаж “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг хэд хэдэн асуудал  хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганыг хаах юм байна.