Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэлж,  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахын зэрэгцээ АН-ын зөвлөлөөс өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг хуралдаанд оролцохыг урьсан. 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын  нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн санал болох төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах саналыг дэмжигдсэн гэж үзлээ.

Түүнчлэн Г.Тэмүүлэн гишүүнээс төслийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжсэнгүй. 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан саналыг хэлэлцэв. Тэрбээр, өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал дэмжигдсэн. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал гарна. Өмнө нь Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэсэн заалт дэмжигдсэн. Тиймээс Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно  гэсэн санал гаргалаа. Хэрэв хугацаа заахгүй бол Ерөнхий сайд томилогдохгүй удах болно. Иймд “шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн” саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжигдсэн хэмээн саналаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон 57 гишүүн дэмжив. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, С.Бямбацогт нар дэмжсэн, дэмжээгүй  байр сууриа илэрхийлж, санал хэлсэн. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь  дэмжив.

 УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нараас билгийн тооллын гэдгийг тодруулж бичихгүйгээр өөрчлөх санал гаргасан тул уг заалтын найруулгыг хянан үзэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийнхэнд чиглэл болголоо.  Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

 Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэн гэдгийг онцлов. 

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2  зүйлийг төслөөс хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн болно гэж байлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав,  Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн “2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө”, “3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй”, “4 дүгээр зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна”,  “5 дугаар зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэсэн төслийн заалтуудыг  тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь  дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нараас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь тус тус дэмжив. 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.