Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй зургаан компани болон

ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр хоёр асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан бичиг илгээж буйгаа дуулгасан. Үүнд нэгдүгээрт Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй “Эрэл”,  “Хөтөл”, “ ТОСК”,  “Монгол драй милк”,  “Капитал” банк,  “Кю Эс Си” зэрэг зургаан компанийг төрд их хэмжээниий хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр шалгуулахаар болжээ. Ингэхдээ Прокурорын тухай хуулийн 20.1,20.2,20.3-т заасныг үндэслэл болгож буй гэдгээ онцолсон. Харин хоёрдугаарт  “Жаст” групп нь Өмнөд Африкийн Стандарт банкнаас 2009-2012 оны хооронд 160,1 сая ам долларын зээл авсан. Үүнд "Эрдэнэт" үйлдвэрээс баталгаа гаргасан асуудлыг АТГ шалгаж байна. Улмаар зээлдэгч Лондонгийн Арбитрын шүүхээс “Жаст” группэд "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан учраас дээрх зээлийг төлөх ёстой гэж үзэн тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам доллар гаргуулан төлүүлсэн. Гэтэл дээрх 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэр гаргасаараа төр хохирсон. Тиймээс мөн энэ асуудлыг шалгуулахаар Прокурорын тухай хуулийн 20.1-20.3-т заасны дагуу хандсан гэдгийг онцолсон юм. 

 

Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк зээл олгосон ч авсан зээлээ эргэж төлөхгүй маш олон аж ахуй нэгж байгаа аж. Тухайлбал,

  • Хөтөл ХК-161,4 тэрбум
  • Мон лаа ХХК-5,6 тэрбум
  • Бэрэн групп ХХК–102,4 тэрбум
  • ТОСК ТӨҮГ-355,6 тэрбум
  • Мак цемент ХХК–166,5 тэрбум
  • Кью Эс Си-161,5 тэрбум
  • Эрэл–99,5 тэрбум /Байшин үйлдвэрлэх камбинатын төсөл/
  • Монгол драй милк–39,4 тэрбум
  • Строй инвест –3,2 тэрбум
  • Нью хаппи ХХК-1,5 тэрбум
  • Монгема ХК-9,9 тэрбумын зээл авсан ч эргэн төлөхгүй байгаа аж. 

Мөн тэрбээр хэсэг бүлэг хүн, аж ахуй нэгжээс болж нийтийн эрх ашиг зөрчигдсөн, тухайлбал, хууль бус уул уурхайгаас болж байгаль орчинд хохирол учирсан бол прокурорын байгууллагад хандана гэсэн. Үүнээс гадна Сүхбаатарын талбайгаа хувийн хэвшилд өгчихөөд хөөн хэлэлцэх хугацаа нь хэтрээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон улс төрийн албан тушаалтны хэргийг ч мөн Монгол Улсын Засгийн газар прокурорын байгууллагад өгнө гэдгийг хэлж байсан юм.