УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцээд  цаг оройтсон тул санал хураалт явуулалгүйгээр хуралдааныг хаасан.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна. Тодруулбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс гаргаад байгаа юм. .