Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хойд хөршийн Төрийн тэргүүнийг жанжин Сүхбаатарын талбайд  угтан авлаа.

Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх,  нарын төлөөлөгчид оролцов.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор тохиож байгаагаар онцлогтой. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, 11 баримт бичигт гарын үсэг зурах юм.  Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхах аж. Дараагаар нь албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товложээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.

Яг одоо Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд уулзаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс