УИХ-ын дарга гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хязгаарласан захирамж гаргалаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 1-нд дуусгавар болох байсныг есдүгээр сарын 30-ныг хүртэл болгож УИХ-ын дарга Г.Занданшатар сунгасан.

Тэгвэл УИХ-ын дарга өнөөдөр захирамж гаргаж УИХ-ын гишүүдийн гадаад томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарлалаа. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоодын томилолтыг есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах захирамж гаргажээ. 

Дашрамд мэдээлэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн зургадугаар сараас хойш хэлэлцэж байгаа.  Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг товлосон ч гишүүд гадаад, дотоод томилолттой гээд ирц бүрдэхгүй байгаа юм.