Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд "Хоггүй цэвэрхэн Монгол" аяныг 2019 оны 08-р сарын 01-нээс 2020 оны 06-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах,  урамшуулал, хариуцлагын системийг шат шатны засаг захиргааны байгууллагууд, иргэдэд таниулан сурталчлах юм.

Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа газруудын дунд сар бүр уралдаан зарлаж, аянд хамрагдсан байдлаар нь шалгаруулах журам гаргасан.

Тэгвэл тус аянд дээрх газруудаас гадна хувийн хэвшил, иргэд сайн дураараа нэгдэж, ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн байгаль орчны газар, Аялал жуулчлалын тур оператор, Аж ахуйн хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн байгууллагууд, Хог хаягдлыг дахин боловсрулах үйлдвэрүүдийн төлөөлөл зэрэг байгууллагууд нэгдээд байна.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл, БОАЖЯ-наас санаачилсан байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид нэгдэн гол нуурын ойролцоох их хэмжээний хур хогийг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг хийжээ.