Г.Ганбаяр: ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ БАЙДАЛ АРИЛНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 48 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Улсын тэргүүний сургууль, хамт олны болзолыг хангаад буй тус сургуульд энэ хичээлийн жилд 195 багш, ажилчид ажиллаж, бага ангийн 52, дунд ангийн 38, ахлах ангийн 22, нийтдээ 102 бүлэгт 3800 гаруй сурагч суралцахаар нээлтийн ёслолдоо ирсэн байлаа. Өнөөдөр 450 гаруй зургаан настан тус сургуулийн алтан босгыг алхан орж, мөнгөн хонхны анхны дуугаа сонссон юм.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээлтэд оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ 2019-2020 оны хичээлийн жилд сурах бичгийн дутагдал бүрэн шийдэгдэж, багш, сурагчдын ачаалал буурч, гурван ээлжээр хичээллэх байдал арилна гэдгийг онцоллоо.

Мөн энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж, хөтөлбөрийн сайжруулалттай уялдуулан “Хичээлийн жилийн бүтэц”, “Сургалтын төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, хот, хөдөөгийн онцлогт тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, сургалтын агуулга, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль, багшид дэмжлэг болох уян хатан зохицуулалтыг эдгээр шийдвэрүүдэд тусгаж өгсөн гэв.