С.ЧИНЗОРИГ: Эрдэм оюун, ур чадвар дэлгэрэх болтугай

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг сонгон суралцаж буй оюутан залуус, ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх их үйлст мэдлэг оюунаа зориулан зүтгэж буй эрхэм багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, багшаа чадваржуулах, дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах замаар суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж ажиллахаар шинэ хичээлийн жилийн бодлого зорилтоо тодорхойлсон.

Энэ хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллагад 35.8 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж, 4624 багш, ажилтан ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Тус салбарт бэлтгэгдсэн орчин цагийн техник технологи, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлж алхах сэтгэлгээний болоод оюуны хаттай, мэргэшсэн, төлөвшсөн мэргэжилтэй ажилчдын үндэсний эдийн засгийн үр ашиг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгойлон анхаарч салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч байгаагийн нэг нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид суралцагчдад 100 000 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгож байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэгдэн багш, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, төрийн үйлчилгээний албан тушаалыг 1-3 зэрэглэл ахиулснаар цалин хөлс 16.6-36.2 хувиар нэмэгдсэн. 

Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10 хувь болгон нэмэгдүүллээ. Багш, ажилтнуудыг ажлын аятай таатай орчныг бүрдүүлж, багш нарыг бүрэн компьютержуулах аяныг хэрэгжүүлж байна.

Энэ дашрамд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн Оросын Холбооны Улсын Казань хотноо болсон “Дэлхийн ур чадвар” олон улсын мэргэжлийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд гагнуурчин, барилгын цахилгаанчин, модон эдлэлийн мужаан, сантехникч, тогооч, барилгын өрөг угсрагч, токарь фрезер, үсчин зэрэг найман мэргэжлээр амжилттай оролцсон багш, суралцагчид, сургалтын байгууллагын хамт олонд талархал илэрхийлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтад орц, үйл явцыг чухалчлахаас илүүтэй үр дүн, чадамжийг гол болгож, сургалтын чанар, үр дүнг өсгөн, ихийг санаачилж ажиллахыг нийт багш, ажилчиддаа уриалж байна.

Эрдэм оюун, ур чадвар дэлгэрэх болтугай.