ТОЙМ: Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр“-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг 2018 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 онд боловсруулсан 310.0 мянган м.куб лаг нь 2020 оны хавар бүрэн боловсорч бордоо болон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бүрэн боломжтой болох юм байна.

Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Бизнес эрхлэгчдийн зүгээс явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улс төрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг холбогдох салбарын сайд болон Хотын даргад хэлж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно” хэмээн хотын Захирагч байр сууриа илэрхийлэв.

ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулга Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийлээ

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болсон. Үргэлжлүүлэн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа. Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эрэг, уушин газар луу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ. Тоглолтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв

 ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв

Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа. Хотын захирагчийг ЗЦГ-ын гүүрэн гарцан дээр очиж ажиллах үед тус зам гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт хэсэг ажилтнууд бетон цутгаж байсан бол урд хэсэгт нь буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил үргэлжлээгүй, зогсонги байдалтай байлаа. “Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла. Хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагын ажилтнууд энд  байнга зогсож ажиллаж байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд нэг хоногийн өмнө ч гэсэн зам гүүрийн  ажлаа нээх нь чухал ач холбогдолтой байгааг та бүхэн анхаарч ажиллах нь чухал байна” хэмээн хотын Захирагч хэллээ. Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний  дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийллээ.

60 хүүхдэд 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгийн батламжийг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Кристина Нобелийн Хүүхдийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Томас Минтер нар оюутнуудад гардуулан өглөө. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд 400 орчим хүүхдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.

Нийслэлийн Орон сууцны корпораци мэдээлэл хийлээ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, дэд захирал С.Дорждэрэм нар хүргэв. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээлээ.

100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.Гүйцэтгэгч компаний зүгээс  ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 9 дүгээр сарын 13-нд болно

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/854 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа  2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх аж.

Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн олгоно

“2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. Сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой байгаа. Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч олголтыг хийж эхэлнэ” хэмээн нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг мэдээлэл хийлээ. Өмнө нь оюутны смарт картын сунгалтын ажлыг есөөс арванхоёрдугаар сарын хооронд хийдэг байсан бол энэ жил есөөс зургадугаар сар хүртэл хийх юм байна. Оюутнууд карт, сургалтын төлбөрөө төлсөн баримттайгаа очиж сунгалт хийлгүүлэх ёстой юм байна.

http://ulaanbaatar.mn