Чуулган:  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. 

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураасан. 

Тухайлбал, намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн парламентын 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй. Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авсан билээ.