Жүдогийн ДАШТ-2019: Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр буюу өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаанууд болно.

-90 кг-д манай улсаас Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, -70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг эх орноо төлөөлөн оролцох юм. 

-90 кг-ын жингийн тухайд олныг шуугиулсан барилдаан олон болно. Учир нь домогт Илиас Илиадисаас хойш энэ жинд жил бүр шинэ аварга мэндэлж байгаа. Энэ жингийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг ОХУ энэ жинд mамирчин илгээгээгүй.  Харин -70 кг-д Чизүрү Арай сүүлийн хоёр жил түрүүлээд байгаа юм.