Ё.Басхүү: Бэлтгэлээ сайн хийвэл медаль авах боломж их байна гэдгээ мэдэж авлаа

“Токио-2019” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү -66 кг-ын жинд хүч үзэж дэлхийн 92 шилдэг тамирчнаас тавдугаар байр эзэлсэн билээ. Түүний хувьд анх удаагаа дэлхийн дэвжээнд зодоглож буй бөгөөд цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Жүдо бөхийн ДАШТ-д анх удаагаа оролцож тавдугаар байр эзэллээ. Энэ том тэмцээнд оролцох ямар байв?

-Надад ДАШТ яг л Гран При, Гранд Слам тэмцээнүүд шиг л санагдсан. Бэлтгэл сайн байсан болохоор сэтгэл зүйгээ бэлдэж, Гран При, Гранд Сламд барилдаж байна л гэж бодож барилдсан. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд том тэмцээн гэж бодолгүйгээр огт сандарч, тэвдэхгүй өөрийнхөөрөө сайхан барилдана л гэж бодсон гэх үү дээ. Барилдааны өмнө О.Балжинням багш “Эхний барилдаан учраас сандарч тэвдэлгүй барилдана шүү” гэсэн. Барилдах үеэр сандарч тэвдээгүй. Бас том тэмцээнд оролцож байна, яах бол гэсэн бодол ч, айдас ч байсангүй. Тайван байлаа. 

-Дюссельдорфын Их дуулга тэмцээний дараахан хоёулаа уулзахад ДАШТ-д найзуудтайгаа хамт өрсөлдөх зорилготой гэж байсан. Одоо энэ том зорилгоо биелүүлчихлээ шүү дээ?

-Анх дэлхийн аваргад оролцох тамирчдын нэрсийг зарлах үед өөрийнхөө нэрийг сонсоод их баярласан. Үнэхээр гоё санагдаж байсан. Үе тэнгийн найзуудтайгаа хамт дэлхийн аваргын бэлтгэлээ хангаад тэмцээндээ ороход мэдээж их сайхан байна. Бэлтгэл маань ч, амралт маань ч сайхан таарсан байсан. Би ДАШТ-ий бэлтгэл дээр Н.Түвшинбаяр ахтай хамт нэг өрөөнд байсан. Надад олон сайхан зөвлөгөө өгсөн. Миний сайн барилдсан маань Түвшөө ахтай холбоотой гэж бодож байгаа. Бас Ё.Улсболд ах маань надад “Чи ийм хүнтэй хамт нэг өрөөнд орж, хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийж ДАШТ-д оролцож байгаадаа баярлах ёстой” гэсэн. Ер нь Түвшинбаяр ахтай нэг өрөөнд амьдарч, бэлтгэлээ базааж, бас олон зүйлийг зааж сургаж байсан нь миний сэтгэл зүйг маань их өргөсөн гэж бодож байна.

-ДАШТ-ий сугалаа гарах үед оноолтыг чинь хараад дотроо халаглаж байлаа. Чиний сугалаа их хатуу таарсан. Эхний тойрогт олимпийн мөнгөтэй, дэлхийн аварга бөхтэй учраа таарсан шүү дээ. Тэр үед юу бодогдсон бэ?

-Надад “Би тэр хүний олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга цолтой нь барилдахгүй. Хувь хүнтэй нь л барилдана” гэж бодсон. Ямар ч тохиолдолд өөрийнхөө бүх барилдааныг гаргаж, дуустлаа тулалдана. Яагаад ч амар ялагдахгүй юм шүү л гэж бодсон. Ерөнхийдөө дэвжээнд гарахаасаа өмнө, дэвжээн дээр тайван байж өөрийнхөө барилдааныг гаргаж барилдсан. Өөрийнхөө давуу талыг ашиглаж барилдсан гэх үү дээ. Барилдаан ч яг тооцоолсноор болж, ахтайгаа бас багш нартайгаа зөвлөлдсөний үндсэн дээр торгуулиар ялсан.

-Хоёрдугаар тойрогтоо Гүржийн бөхтэй барилдсан. Хүнд барилдаан болсон шүү?

-Үнэндээ би сугалаагаа хараад ганцхан Ан Баулын барилдааныг л судалсан. Зөвхөн өмнөх  өрсөлдөгчөө л бодож барилдах хэрэгтэй юм шиг санагддаг учраас. Тиймээс Гүржийн барилдааныг судлаагүй. Тэгээд эхний тойрогт хүнд барилдаан хийсэн учраас түүний барилдааныг бас харж чадаагүй. Барилдааныг нь мэдэхгүй болохоор эвгүй санагдсан. Гэхдээ барилдахынхаа өмнө Ё.Улсболд ахаас ямар мэх хийдэг талаар нь мэдээлэл авсан. Тэгээд тэр мэхнүүдийг нь хорьж барилдаад л ялсан. Тэр гүрж эхний хоёр минут л идэвхитэй барилддаг юм байна лээ. Гурав дахь минутаас гар нь сулраад, хялайгаад ирсэн. Тэгээд л ялсан.

-Шигшээ наймд шалгархын тулд ДАШТ-ий медальтай тамирчинг ялсан шүү дээ.

-Тэр тамирчинтай өмнө нь барилдахдаа ерөнхийдөө цуцааж, хялайлгаж байгаад хожиж байсан юм. Иймээс энэ удаад тэгэх зорилготой байсан ч хоёр торгуулсан учраас сугадаж аваад тонгороод ялсан. Үндсэн цагт л ялна гэж бодож байсан. Барилдаан яг л хүссэнээр минь болсон. "Алтан цагт" ороогүй ялсан учраас дараагийн барилдаанд ядралт багатай гарч ирсэн.  

-Хэсгийн аваргын төлөө Хэфүми Абетэй маш ширүүн тулааныг хийсэн?

-Би өмнө нь Абетэй нэг барилдаад үзчихсэн байсан. Намайг хөл тавиад ялсан учраас тэр мэхэнд дахин унахгүй гэж бодсон. Тиймдээ ч хөл тавих, сөхөж үүрэх мэхэнд нь унаагүй. Өөрийнхөө барилдааныг гаргаж лав барьж барилдана гэж бодож гарсан. Өмнө нь лав барьж барилдаж үзсэн ч мэх хийж чадалгүй ялагдсан учраас мэхээ хийгээд барилдана гэж тооцсон. Мэхээ ч хийж барилдсан. Гэвч сэтгэл жаахан хөөрөөд нягт биш болоод очоод давуулсан чинь хутгуулаад унасан. Гэхдээ Абетай барилдахад гайгүй л санагдсан. Надаас нэг их бяртай санагдаагүй.

-Үдээс хойш торгуулийн тойрогт тун хүнд барилдаан хийсэн.

-Торгуулийн тойрогт үнэхээр хүнд барилдаан хийсэн. Өдөр хүнд барилдаанууд хийсэн болоод ч тэр үү бие маань суларчихсан байсан. Өөрийнхөө барилдааныг яг гаргаж чадахгүй байсан. Хэсгийн барилдаанууд дээр барилдсан хүмүүс надтай барилдаж байгаад хоёр минутын дараа л сулраад ирж байгаа нь мэдэгдэж байсан. Харин хүрэл медалийн төлөө өөрөө тактикийн алдаа гаргаж ялагдсан. Өмнө нь би тэр Молдавын тамирчинг ялж байсан юм. Тэр барилдаан дээр Денис Вьеру намайг сугадахад ухраад гарчихаад байсан. Энэ удаад өмнөх шигээ сугадаад дайрахад амь тавьсан юм хийсэн л дээ. Би түүнд нь унаад ялагдчихсан. Үнэхээр харамсалтай байсан. Гэхдээ би энэ дэлхийн аваргад оролцоод сайн хичээгээд бэлтгэлээ сайн хийвэл медаль авах боломж их байгаа юм байна гэдгийг мэдэж авлаа.

-Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны шууд дамжуулалтаар чамайг арслангийн зүрхтэй барилдаж байна гэсэн. Үүнийг чи мэдсэн үү?

-Би цахим орчинд огт ороогүй л явж байна. Харин манай найзууд чамайг тэгсэн байна гэж хэлсэн. Надад одоогоор тэр бүгдийг харах бодол үнэндээ алга. Ялагдал маань бодогдоод, би урд нь энэ Молдавт ялагдаж байхгүй яав даа ч гэж бодсон. Хэрвээ би урд нь ялагдсан бол арай өөрөөр барилдаж ялаад энэ медаль минийх байх байсан юм шиг санагдаад хэцүү байсан. Сүүлийн таван тэмцээндээ бүгдэд нь медаль аваад хамгийн чухал тэмцээнээсээ медальгүй “мултарлаа”. Тэгээд ахтайгаа яриад нэг сайн уйлж аваад сэтгэл арай тайвширсан. Тэгэхгүй бол сэтгэл санаа тогтохгүй хаашаа ч хамаагүй гүйчихмээр эсвэл орилмоор санагдаад хэцүү байгаад байсан. Харин ээж маань “Миний хүү дараа дараагийн тэмцээндээ сайн оролцоод илүү өндөр амжилт гаргаарай" гэсэн.

-Ярилцсанд баярлалаа. Чамайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан тэр олон хүнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, олон тэмцээнд амжилт гаргаж монголчуудаа баярлуулна гэж бодож байна. Мөн нийт багш дасгалжуулагчид болон Монголын жүдо бөхийн холбооны хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

Ярилцсан сэтгүүлч А.Түмэнбаяр