Халх голын дайны ялалт-80 жил: Ирэх сарын 3-ныг бүх нийтийн амралтын өдөр болголоо

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3 буюу мягмар гарагийг  бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн аж. 

Түүнчлэн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан ОХУ, Монгол Улс хамтран урлаг соёл, түүхийн үзмэр, музей, онгоцны үзүүлбэр гээд олон арга хэмжээг зохион байгуулж буй. Яг одоо л гэхэд Хүйн долоон худагт  Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын “Оросын баатрууд” буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг үзүүлбэрээ үзүүлж байна.  Су-30СМ нь Эрхүү хотын “Иркут” үйлдвэрт бүтээгддэг дөрөвдүгээр үеийн онгоцуудын нэг аж.

Түүнчлэн есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Монголд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.