Парламентын төлөөллийн зарчим ба УИХ-ын гишүүдийн тоо

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108, МАН-ын бүлгээс 99 болгож нэмэх саналууд оруулаад байгаа. Тэгвэл онолын хувьд болон улс орны бодит нөхцөл байдлыг аль алиныг харгалзан үзэхэд УИХ-ын гишүүдийн тоог үнэхээр нэмэх бодит үндэслэл байна уу гэдгийг авч үзэх ёстой.

Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулийн тогтолцоо, улс төрийн үйл явц, хууль тогтоох  байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн талаар улс төр судлаачид, хуульчдын олон арван судалгаа, зөвлөмжүүд хийгдсэн. Эдгээрт эрдэмтдийн ихэнх нь санал нэгддэг нэг асуудал нь яах аргагүй УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр хууль тогтоох байгууллагын чадавхи нэмэгдэнэ гэсэн байр суурь юм.  Гишүүдийн тоо нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, парламент хэмээх хамтын шийдвэр гаргах байгууллагын чадамж сайжрах юм. Мөн  парламентаас гүйцэтгэх засаглалыг байгуулах, хяналт тавих, бодлого боловсруулах, мэргэшсэн байх  чадварууд бас нэмэгдэнэ гэдэгт судлаачид бид санал нэгтэй байдаг.

Энэхүү нийтлэлд УИХ-ын гишүүдийн тооны олон цөөн байх нь төлөөлөх чадварт хэрхэн нөлөөлдгийг онцгойлон авч үзлээ.

Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байдаг. Ингэхдээ парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой.

Парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юу?

Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.

Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой.

Парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хэрэглэдэг сонгуулийн систем нь хувь тэнцүүлэх систем билээ. 2019 оны байдлаар дэлхийн 84 улс хувь тэнцүүлэх системээр хууль тогтоох байгууллагаа сонгож байна.

Парламент газар нутгийн төлөөлөл байх ёстой юу?

Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн билээ. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юм. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм. 

Өдгөө дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн төлөөллийг хангах дараагийн нэг арга зам нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм. Мажоритар тогтолцоо нь тухайн тойрог, бүс нутгийн төлөөллийг парламентад оруулж ирдгээрээ хувь тэнцүүлэх тогтолцооноос ялгаатай. 2019 оны байдлаар дэлхийн 64 улс мажоритар тогтолцооны янз бүрийн хувилбаруудыг хэрэглэж байна.

3,3 сая хүн амтай өргөн уудам газар  нутагтай Монгол улсын хувьд 76 гишүүнтэй парламент хүн амын төлөөлөл болж чадаж байна уу?

Тэгвэл УИХ иргэдээ тэгш төлөөлж чадаж байна уу? Энэ асуултад шууд хариулбал Монголын парламент иргэдийг төлөөлж чадахгүй байгаа.

1992 оны Үндсэн хуулийг анх батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2,1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүй ёсны зүйл. Нөгөө талаас дэлхийн ардчилсан орнуудын парламент ихэнхдээ 100-аас дээш гишүүдтэй байдаг. Тийм учраас судлаачид УИХ-ын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Олон нийтийн дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэх хандлага байдаг учраас Монгол улсын Ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр гишүүдийн тоог ийм дорвитой нэмэгдүүлэхээс бэргэж 108, 99 гэх мэтийн санал оруулж байгаа бололтой.

Дараагийн нэг төлөөллийн зарчим болох парламентын гишүүд сонгогчдыг тэгш төлөөлж байх ёстой гэдэг нь Монгол улсад мөн л хэрэгжихгүй байгаа. Жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймаг 10-р тойрог нь 39490 сонгогч буюу Монгол улсын хамгийн олон сонгогчтой тойрог байсан бол Ховд аймгийн 34-р тойрог 14002 сонгогчтой хамгийн жижиг тойрог байгаа нь Булган, Сүхбаатар зэрэг аймгууд болон УБ хотын 30 мянгаас дээш хүн амтай тойргуудаас даруй хоёр дахин  цөөн хүн амтай байгаа нь парламентын тэгш төлөөллийг алдагдуулсан байдал юм.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл өнөөгийн 76 гишүүнтэй, мажоритар систем бүхий УИХ өнгөрсөн жилүүдэд иргэдийн төлөөлөл гэхээс илүү газар нутаг, тойргийн төлөөлөл болж ирсэн гэж үзэж болно.

Тэгвэл яаж иргэдийн төлөөллийг тэгш хангах уу, мөн өргөн уудам газар  нутгаа яаж төлөөлөх вэ гэсэн хоёр асуудлыг аль алиныг хангасан Үндсэн хуулийн тогтолцоог бид сонгох хэрэгтэй болчихоод байгаа юм. Үүний тулд дараах хоёр өөрчлөлт хийх ёстой. Нэгд, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналуудад УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр тусгаж байгааг судлаачид бид зарчмын хувьд дэмжиж байгаа юм.

Хоёр дахь буюу аймаг орон нутгийн төлөөллийг тэгш тусгах хувилбар нь парламентын гишүүдийн тодорхой хувийг тойргоос сонгох буюу мажоритар системийг хадгалсан сонгуулийн тогтолцоог үргэлжлүүлэн хэрэглэх явдал юм. Гэхдээ дан ганц мажоритар системээр явах нь сонгогчдын саналыг үлэмж хэмжээгээр гээдэг, улс орон дахь улс төрийн намуудын хүчний харьцааг бодитоор тусгаж чаддаггүй тул парламентын тэгш төлөөллийн зарчмыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Тийм учраас сонгогчдын саналыг гээхгүй, улс орон дахь намуудын хүчний харьцааг парламентад хамгийн бодитоор оруулж ирдэг хувь тэнцүүлэх тогтолцоог мөн хослуулан хэрэглэх нь хамгийн боломжит хувилбар юм.