“ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД 600 ГАРУЙ ЗАЛУУ ОРОЛЦЛОО

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулган өнөөдөр /2019-08-26/ Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “White rock” төвд боллоо

НҮБ-аас “Дэлхийн залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Энэ жил “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай улсын хувьд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасны дагуу “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Нийгмийг өөрчлөх боловсрол” сэдвийн дор энэ сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хугацаанд орон даяар зохион байгуулж буй юм.  

Аяны хүрээнд Засгийн газраас зохион байгуулсан уг чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцов.

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ УЛСЫН ХӨГЖИЛ, ДЭВШИЛ, ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ИРЭЭДҮЙ ЗАЛУУЧУУД ТА БҮХНЭЭС ШАЛТГААЛНА

“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ “Би өнөөдөр Та бүхэнтэй залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар гэхээсээ илүү энэ орны ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах монгол залуу хүн юу хүсч мөрөөддөг, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, мөн залуус маань төр засагтайгаа хамтраад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зөв гарц, шийдлийг олох талаар та нарынхаа саналыг сонсож,  та нартайгаа чөлөөтэй, нээлттэй ярилцаж, саналаа хуваалцья гэж бодлоо. Монгол  орон залуучуудын орон билээ. Манай улсын нийт хүн амын 33 хувь,  хөдөлмөрийн насны хүн амын 50 хувь нь 15-34 насны залуучууд Та бүхэн байна. Иймээс энэ улсын хөгжил, дэвшил, ойрын болон хэтийн ирээдүй залуучууд Та бүхнээс шалтгаална хэмээгээд Засгийн газраас залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр туссан олон зорилтууд биеллээ олж хэрэгжиж байгааг товч танилцуулсан.

  Тухайлбал, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлж, залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, төрийн байгууллагын бүтцийг үндэсний хэмжээнд бий болгосон. Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоог бүрдүүлсэн. Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа зэргийг онцгойлон дурдсан юм.

С.ЧИНЗОРИГ: ЗАЛУУЧУУД ЭХ ОРНЫХОО НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧААНААС ҮҮРЭЛЦЭЖ, ХӨГЖЛИЙН ОНОВЧТОЙ ЗӨВ ШИЙДЛҮҮДИЙГ ОЛОХОД ОРОЛЦОХ ЁСТОЙ

Нэгдсэн чуулганы үндсэн илтгэлийг “Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсныг онцлоод дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй өнөө үед манай улс эрэгтэй, эмэгтэй  залуучуудыг боловсролд адил эрхтэй хамруулах; ажил хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай техникийн болон техник мэргэжлийн боловсролтой залуучуудын тоог улам нэмэгдүүлэх; жендэрийн эрх тэгш байдлыг хангах; ногоон хөгжлийг цогцлоох; зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт залуучуудыг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангахыг зорьж байгааг дурдсан.

Залуучуудын талаар баримталж буй бодлого, зорилтын талаар саналаа хуваалцахдаа С.Чинзориг сайд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасныг дурдаад “Залуучуудын хөгжлийг дэмжих, бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэхэд юуны өмнө үндэсний, орон нутгийн, салбарын оновчтой бүтэц, тогтолцоо чухал юм. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, аймаг дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж, түүнчлэн Ерөнхий сайдын тэргүүлсэн, иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий салбар дундын Залуучуудын үндэсний зөвлөл, орон нутагт аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл 2018 оноос ажиллаж байна.

Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Мөн оюутныг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт харъяалал харгалзахгүй хамруулж байна.

            Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж “Оюутны хөгжлийн зээл”-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна.

Хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг эзэлдэг залуучуудын эдийн засгийн оролцоог дэмжиж, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвөөс болон гадаадын улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 750 гаруй залуучуудад 100 хувь эргэн төлөгдөх гарааны бизнесийн, бараа бүтээгдэхүүний борлуулалтын, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт зэрэг 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, 2300 орчим залуусыг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулсан бөгөөд 2019 онд 3500 залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд 5,8 тэрбум төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлж байна” хэмээн чиглэл бүрээр нь нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан.

Энэ удаагийн чуулган нь залуучуудын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчны бүрдүүлэх зорилгоор шинээр батлагдсан баримт бичгүүдийг танилцуулж, залуучууд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын байгууллагууд, залуучууд, олон нийт хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудын хөгжилд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудаас оруулах хөрөнгө оруулалт, төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, нөлөөлөхийг зорьж буй тул  чуулганы үеэр салбар хэлэлцүүлгүүдээс гадна “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” сэдвээр нээлттэй ярилцлага зохион байгуулсан.

Залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэлдэг, шударга, ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд залуучуудын бодит, ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх 2019 оны ээлжит чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг орон нутгийн залуучуудын бодит оролцоонд тулгуурлан  нийслэлд гурав, аймаг бүрт нэг, нийт 24 удаа зохион байгуулж 18-34 насны залуусыг хамруулсан байна. Мөн үндэсний, хэлний, бэлгийн цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг олон талт төлөөллийг хүйсийн тэнцвэртэй байдлаар оролцуулж богино, дунд, урт хугацаанд төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай 9 үйл ажиллагааг хэлэлцэн зөвлөмж боловсруулж илгээснийг нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.