Жүдогийн ДАШТ-2019: Ё.Басхүү шагналт тавдугаар байрт шалгарлаа

Японы Токио хотод болж буй жүдогийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан өндөрллөө. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдсан Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, “Женко” клуб, Улаанбаатар спорт менежмент компанийн тамирчин Ёндонпэрэнлэйгийн Басхүү жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Манай тамирчины хувьд өнөөдөр хамгийн хүнд сугалааг сугалсан бөгөөд эхний тойрогтоо “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн наадмын аварга БНСУ-ын Ан Баулыг торгуулиар ялсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо Гүржийн залуу од Багтари Ниниашвилиг мөн л торгуулиар ялж, шилдэг наймд үлдэхийн тулд цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан ДАШТ-ий хүрэл медальт Таль Фликерийг цэвэр савсан ч ¼ шигшээ шатанд дэлхийн хошой аварга Хэфүми Абед цаг дуусахаас хэдхэн хормын өмнө ялагдсан. Ингэснээр тэрбээр торгуулийн тойрогт Египтийн Мохамед Абделмавгудтай барилдаж ялсан. Улмаар БНСУ-ын Ким Лим-Хванд ялагдсан Молдавын Денис Вьерутай хүрэл медалийн төлөө хүч үзсэн ч харамсалтай нь ялагдлаа. 

Түүнчлэн манай жүдоч Ё.Басхүүгийн өдрийн барилдаануудад Бүдокан ордонд цугласан олон мянган үзэгчид халуун дотноор талархаж, баяр хүргэж байсан. Учир нь тэрбээр маш хүнд сугалаа татаж, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн барилдсан бөгөөд түүний хийсэн барилдаануудад үзэгчид халуун талархал илэрхийлж байв. Мөн Ё.Басхүүгийн Хэфүми Абетэй хийсэн эн тэнцүүхэн барилдааныг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид өндрөөр үнэлж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.