БНСУ-руу  зорчих виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагагүй боллоо

БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцалж, хууль ёсоор зорчиж байсан иргэний визийг 10 хоногт шийдвэрлэхээр болжээ.

Энэ тухай өнөөдөр БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас  мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Түүнчлэн БНСУ-руу Монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд зарим тодорхой өөрчлөлтүүд орсныг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга хэлсэн. Түүний өгүүлснээр БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгардаг асуудуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах өөрчлөлтүүдийг 2019.09.16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд, 

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх 
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно.

Дашрамд мэдээлэхэд өнөөдрийн байдлаар манай улсын 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 100 мянга гаруй монгол иргэн БНСУ-руу зорчсон ажээ.