Жүдогийн ДАШТ-2019: Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

“Токио-2019” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, эмэгтэй -48 кг-ын жингийн барилдаанууд явагдахад Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, “Жи-Мобайл” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа.

Тэрбээр урьдчилсан таамаг ёсоор тэмцээний D хэсэгт Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэгтэй хуваарилагдсан. Эхний тойрогтоо гоц мөргөсөн гавьяат хоёрын даваанд Тайваний Лин Чен-Хаог 1:25 минутад цэвэр яллаа. Манай тамирчин эхлээд өрсөлдөгчөөсөө вазари үнэлгээ авсан бөгөөд залгуулаад хэвтээ барилдаанд илүүрхэн цэвэр ялсан.  Улмаар шилдэг наймд шалгархын төлөө Румыний Моника Унграниг 53 секундэд цэвэр яллаа. Энэ удаад тэрбээр өрсөлдөгчөө мөн хэвтээ барилдаанд өчих мэхээр ялсан.

Түүнчлэн D хэсгийн аваргын төлөө олимпийн хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг 1:04 секундэд даралтаар цэвэр ялснаар гурав дахь жилдээ дараалан дэлхийн дэвжээний их шөвөгт шалгараад байна.

Түүний дараагийн учраа нь дэлхийн хамгийн залуу аварга Украйны Дария Белодид.  Энэ жүдочтой манай Урнаа анх удаагаа IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээн дээр таарч байгаа бөгөөд дэлхий нийтээрээ хэрхэн хүч үзэхийг хүлээж байна. Дария Белодид уу, М.Уранцэцэг ялах уу гэдэг асуултын хариуг бид 18:00 цагаас эхлэх хагас финалын барилдаанаас харна. Манай жүдоч энэ удаад ялбал дэлхийн аварга Японы Фүна Тонаки, Косовогийн Дистрия Красничи нарын ялсантай аваргын төлөө хүч үзнэ. Харин ялагдвал олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето, Францын Мелани Клемент нарын ялагчтай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Энэ жингийн торгуулийн тойрогт Г.Отгонцэцэг, Испаний Лаура Мартинез Абелендатай тулна. Хэрвээ ялсан тохиолдолд гурав дахь жилдээ дараалан ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Фүна Тонаки, Дистрия Красничи нарын ялагдсантай барилдана. Энэ жинд хүч үзсэн манай ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний даваандаа Словений Маруса Стангарыг нэмэлт цагт буулгаж авсан ч Дистрия Красничигийн хутгах мэхэнд цэвэр буулаа. Косово бүсгүй В хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Паула Паретог ялж, ДАШТ-д анх удаагаа медалийн төлөө өрсөлдөх боломжтой боллоо. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д ХХЕГ-ын Хилчин спорт хороо Империал гоулд майнинг компаний тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин 1/8 шигшээд Кыргызстаны бөхөд ялагдлаа. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд Монако, БНСУ-ын жүдочдыг ялсан ч Кыргызстаны К.Айбек Уулуд нэмэлт цагт алтан оноогоор ялагдлаа. Энэ жингийн эхний өдрийн гол сенсаацыг Узбекстаны Шарафуддин Лутфиллаев таврьсан бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатог хэсгийн аваргын төлөө буулгаж авлаа. Мөн энэ жингийн өөр нэгэн сенсаацыг Тайваний Ян Юү-Вэй тарьж, дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ-ын Роберт Мшведобазе, олимп, дэлхийн медальт Узбекистаны Диёрбек Урозбоев нарыг өрсөлдөөнөөс хасчээ. Гэвч ¼ шигшээд Гүржийн Лухүми Чихвимянид ялагдснаар торгуулийн барилдаан хийхээр боллоо.