АН-ын зөвлөл: УИХ-ын гишүүний тоог 99, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүний тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжсэн. Тэгвэл АН-ын зөвлөл энэ саналыг дэмжихгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Учир нь УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдсан бөгөөд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөлд хүргүүлсэн саналаа хэлэлцжээ.

Улмаар "Энэ бол сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь тодорхойгүй, маш бүрхэг санал. Товчхондоо сонгуулийн мажоритар тогтолцоогоор явж байхад УИХ-ын гишүүдийн тоог нэмж болохгүй" гэж үзсэн аж. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, зөвлөлийн дарга С.Эрдэнэбат, гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл өгсөн бөгөөд тэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 18 саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хүргүүлсэн. Үүнээс 10-ыг нь хүлээн авч, наймыг нь хүлээн авах боломжгүй гэсэн. Өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл, заалтууд байгаа учраас дээрх найман заалтыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарласан хэмээгээд дараах мэдээллийг өгсөн юм. 

 

АН-ын Зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ: Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг анхнаасаа дэмжиж байгаа

"Манай нам Ерөнхийлөгчийн саналын дагуу УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хувилбарыг дэмжинэ гэдгийг онцлоод "Ер нь 99, 108 хоёрын хооронд ялгаа байхгүй. Гишүүдийн тоог нэмбэл 50 хувийг мажоритараар, 50 хувийг нь пропорциналь хувилбараар явах ёстой. Мөн намуудын хариуцлагыг дээшлүүлж нам байгуулах босгыг нэмэгдүүлэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах ёстой. Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбарыг манай нам хүлээж авахгүй. Дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. АН-ыын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна" гэсэн юм.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна

Тэрбээр АН өөрийн хүргүүлсэн санал, Ерөнхийлөгчийн саналын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцоно гэдгээ хэлээд "АН-ын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт манай нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан. Тэр байр суурьтаа хатуу зогсоно. Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжих боломжгүй заалтууд бас бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжээд явна. Манай намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна. Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх хүмүүс нь эцэг хуулийг батлах гээд явж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийх хэрэгтэй байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн З.НАРАНТУЯА: Манай нам улс орны эдийн засаг сахилга баттай холбоотой зарчмын саналууд хүргүүлсэн.

-"АН-ын зүгээс улс орны эдийн засаг сахилга баттай холбоотой зарчмын саналууд хүргүүлсэн. Жишээ нь, төсвийн орлого, зарлагын зохистой хэмжээг тогтоож, УИХ төсвөө баталдаг, Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь барих зэрэг асуудлыг Үндсэн хуульд тодорхой хэмжээгээр тусгаж, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх саналыг гаргасан. Энэ бүх саналыг хүлээн авбал АН Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод явах боломжтой. Монгол Улсад тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алсын хараа, тууштай явах заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийн тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Мөн татвар хураамж, орон нутгийн эдийн засгийн бодлого, зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэсэн хэд хэдэн санал өгсөн. Түүнээс гадна төсвийг батлахдаа орлогоо дагаж, зардлаа нэмдэг байдлыг хаах саналыг мөн хүргүүлсэн. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавих зэрэг саналуудыг хүргүүлсэн. Хэрэв зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол АН-ын Зөвлөл дэмжихгүй" гэв. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

 

-99 гэдэг тоог өмнөх парламентад АН-ын үед гарсан санал байсан учраас оруулж ирсэн?

АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

-Тэр үнэн. Гэхдээ улс орны хөрөнгийг үр дүнгүй зарах, бодлого алдагддаг учраас холимог байх нь зөв гэж оруулж ирсэн. Гэвч МАН-ын зүгээс тогтолцоогоо өөрчлөхгүйгээр зөвхөн гишүүдийн тоог нэмэхээр ярьсан гэсэн. 99, 108 хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй учраас 54, 54 байх нь зөв гэж хэлээд байна. 

-Гишүүдийн тоог нэмэхгүйгээр одоо байгаа гишүүдээ холимогоор явуулах боломж байхгүй юм уу?

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 -76, 108 гэдэгт асуудал байхгүй. Харин хүн амын тоо, харьцаа, эдийн засгийн өсөлтийн үр дүн, улсын нэгдсэн төлөвлөлт, бодлогын төлөө явдаг гишүүн  л цөөхөн байна. Тиймээс орон нутаг, намын жагсаалтаас сонгож, үндэслэлтэй тооцоололтой саналаа дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн, тухайлбал, 50 мянган хүний гарын үсгээр нам байгуулах асуудал гэхэд өнөөгийн нөхцөлд тохиромжгүй харагдаж байгаа. Өнөөдөр 801 хүний гарын үсэг гэхэд өнөөдрийн нөхцөлд харьцангуй бага байгаа юм. Тиймээс АН нийт хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний хүний гарын үсэг зурсан тохиолдолд нам байгуулах боломжтой гэсэн саналыг хүргүүлсэн гэв.