“Токио-2019” жүдогийн ДАШТ: ДАШТ-ний хүрэл медальт Л.Отгонбаатар энэ сарын 30-нд хүч үзнэ

Японы нийслэл Токио хотын Бүдокан ордонд энэ сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 болон холимог багийн гурав дахь удаагийн ДАШТ болно.  

Тэмцээний зургаа дахь өдөр буюу энэ сарын 30-нд, баасан гарагт эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаанууд болох юм . Энэ өдөр -100 кг-ын жинд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Баку-2018” ДАШТ-ий хүрэл медальт, “Астана-2015” эрэгтэй багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хошой хүрэл, дэлхийн мастеруудын АШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал Гоулд Майнинг” компанийн тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар барилдана. Мөн -78 кг-ын жинд Дархан-Уул аймгийн харьяат, 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, кураш бөхийн дэлхийн хошой аварга, бүстэй барилдааны ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадмын мөнгөн медальт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, ОУХМ Отгоны Мөнхцэцэг дэлхийн дэвжээнд анх удаагаа хүч үзэх юм. 

-100 кг: Нийт 52 орны 63 жүдоч хүч үзэхээр урьдчилсан байдлаар мэдүүлгээ хүргүүлжээ 

 Энэ жинд “топ-8”-ийн ирц бүрэн бөгөөд олимпийн мөнгө, ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл медальт Варлам Липартелиани тэргүүлэн барилдах  юм. Түүний хувьд А хэсэгт Португалын Жорже Фонсекатай хуваарилагдсан. Харин ДАШТ-ий хүрэл медальт манай тамирчны хувьд В хэсэгт Недерландын Майкл Коррелтай нэг хэсэгт хуваарилагдсан. Недерланд залуу манай Отгоотой өмнө нь хоёр ч удаа учраа таарахдаа хоёуланд нь ялалт байгуулсан. Иймээс ч  энэ дэлхийн аваргаар манай тамирчин шилдэг наймд шалгарчихвал Майкл Коррелтагаас даагаа нэхэх боломж гарч ирнэ. М.Коррел сүүлийн хоёр дэлхийн аваргад шилдэг наймд шалгарахдаа дандаа түрүү бөхөд ялагдсан. Тодруулбал, 2017 онд Аарон Вольф, 2018 онд Чо Гү-Хам нар хэсгийн аваргын төлөө түүнийг ялж, түрүүлэх замаа засч байсан. Харин энэ удаад сүүлийн хоёр жилийн дэлхийн аваргууд С хэсэгт хуваарилагдсан бөгөөд үдээс өмнө хоорондоо тулах юм. 

Харин D хэсэгт Израйлын Петер Палтчик, Египтийн домог Рамадан Дарвиштай багтсан. Улмаар “топ-8”-д багтаагүй дэлхийн шилдгүүдээс олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэлтэй Азербайжаны Элмар Гасимов, “Рио-2016” олимпийн хүрэлтэй Францын Сириль Марет, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Германы Карл Ричард Фрай нар сугалаагаар шидэгдэж хуваарилагдана. Мөн энэ жинд ОХУ-аас хоёр бөх оролцох бөгөөд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэлтэй Нияз Ильясов, 22 настай залуу Арман Адамиян нар өрсөлдөнө. А.Адамиян нь өнгөрсөн зургадугаар сард Минскт болсон Европын хоёрдугаар наадамд Варламыг ялж, түрүүлээд байгаа юм.

Харин энэ жингийн гол төлөөлөгчдийн нэг үнэмлэхүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Бельгийн Тома Никифоров гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ. Тэрбээр өнгөрсөн онд ч гэсэн гэмтлийн улмаас “Баку-2018” дэлхийн аваргыг өнжиж байлаа.

Топ-8 жүдочийн хүснэгт

  • #1 Варлам Липартелиани /Гүрж/
  • #8 Жорже Фонсека /Португал/
  • #4 Майкл Коррел /Недерланд/
  • #5 Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Монгол/
  • #2 Чо Гу-Хам /БНСУ/
  • #7 Аарон Вольф /Япон/
  • #3 Петер Палтчик /Израйл/
  • #6 Рамадан Дарвиш /Египт/

 

-78 кг: Энэ жинд нийт 35 орны 41 жүдоч хүч үзэхээр болсон нь “Токио-2019” дэлхийн аваргын хамгийн цөөн оролцогчтой жин болж байна.

Тус жинг Бразилийн шигшээ багийн ахлагч Майра Агуйар тэргүүлэн барилдах бөгөөд Германы Люси Мальзантай хуваарилагдсан. Мөн В хэсгийг Францын #1 сонголт болоод байгаа Маделейн Малонга, Их Британы Наталья Пауэллийн хамт тэргүүлэн барилдахаар болсон. Түүнчлэн энэ жингийн #2 Недерландын Гуусе Стинхуйс, Германы өөр нэгэн төлөөлөл Анна Мария Вагнертай С зоонд хуваарилагдана. Харин өнгөрсөн жилийн аварга Шори Хамада эх орондоо Недерландын өөр нэгэн жүдоч Мархинде Веркерктэй хамт D хэсэгт бичигдэнэ. Түүнчлэн энэ жинд ОХУ-ын Александра Бабинцева, Словений Клара Апотекар, БНХАУ-ын Ма Женжао нар медалийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлнэ. Өнгөрсөн жил Оросын бүсгүй А.Бабинцева Францын алдарт жүдоч Одри Чемеог өрсөлдөөнөөс хасч улмаар Хятадын Ма Женжаог ялж дэлхийн медальтан болсон. Хятад бүсгүй мөн Бакуд Майра Агуйар, Маделейне Малонга нарыг дараалан ялж шугиан тарьсан. Энэ удаад -78 кг-ын жинд хэн цахиур хаглахыг бид энэ сарын 30-ны өдөр харах юм.

 

Топ-8 жүдочийн хүснэгт

  • #1 Майра Агуйар /Бразил/
  • #8 Люси Мальзан /Герман/
  • #4 Маделейн Малонга /Франц/
  • #5 Наталья Пауэлл /Их Британ/
  • #2 Гуусе Стинхуйс /Недерланд/
  • #7 Анна Мария Вагнер /Герман/
  • #3 Шори Хамада /Япон/
  • #6 Мархинде Веркерк /Недерланд/