“Токио-2019” жүдогийн ДАШТ: -90 кг-ын хүчтэй өрсөлдөгч гэгддэг ОХУ энэ жинд жүдочдоо илгээсэнгүй

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаанууд болно. -90 кг-ын жингийн тухайд олныг шуугиулсан барилдаан олон болно. Учир нь домогт Илиас Илиадисаас хойш энэ жинд жил бүр шинэ аварга мэндэлж байгаа бол -70 кг-д Чизүрү Арай сүүлийн хоёр жил түрүүлээд байгаа билээ.

Мөн -90 кг-д манай улсаас Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, -70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг эх орноо төлөөлөн оролцох юм.

-90 кг: Энэ жинд 57 орны 69 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ жинг өнгөрсөн оны дэлхийн аварга Гүрж гаралтай Испаний жүдоч Николаз Шеразадишвили тэргүүлэн барилдах бөгөөд А хэсэгт 2015 оны дэлхийн аварга БНСУ-ын Гвак Дон-Хантай хуваарилагдах юм. Харин В хэсэгт Азербайжаны Маммадали Мехдиев, 2017 оны дэлхийн аварга Сербийн Неманя Маждовтой хуваарилагджээ. Мөн Унгарын гол найдвар Кристиан Тот, Сербийн Александр Кукольтой С хэсэгт орох бол дэлхийн дэд аварга Кубын Иван Фелипе Сильва Моралес, Гүржийн Бека Гвиниашвилитэй хуваарилагдана. Сонирхолтой нь, энэ жинд дэлхийд хүчтэй өрсөлддөг ОХУ-ын баг нэг ч тамирчнаа оролцуулсангүй. Уг оросууд өнгөрсөн оны дэлхийн аваргаар энэ жинд Хусейн Халмурзаев, Михайл Иголников нарыг илгээсэн. Гэвч шигшээ багийнхаа итгэлийг хүлээн Дэлхийн аваргыг зорьсон тэд шилдэг наймд ч шалгарч чадалгүй хөгжөөн дэмжигчдээ гомдоосон.  Иймээс хойд хөршүүд энэ удаагийн дэлхийн аваргаар -90 кг жнд өнжихөөр болсон бололтой. -73, -81, +100 кг-ын жинд хоёр, -60, -66, +100 кг-д нэг төлөөлөлтэй Токиод очихоор мэдүүлгээ өгчээ. Гэхдээ орос ах нар багийн төрөлд, -90 кг-д Хусейн Халмурзаев, Михайл Иголников нараас сонголт хийж аль нэгийг нь барилдуулах нь дамжиггүй бөгөөд Хусейн Халмурзаевын хувьд өнгөрөгч сард Европын хоёрдугаар наадмаас хүрэл медаль авсан юм.  

Түүнчлэн энэ жинд “топ-8”-д багтаагүй шилдгүүдийг дурдвал Францын Аксель Клержет, Казахстаны Ислам Бозбаев, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Чен Шүнжао, Недерландын Ноел Ван Т Энд, Тажикстаны Комроншох Устопириён, Японы Сойчиро Мүкай, манай Гантулгын Алтанбагана нар. Тэд "топ-8"-д багтаж чадаагүй учраас чансааг тэргүүлэгчдийн аль нэг хэсэгт хуваарилагдах юм.

Топ-8 жүдочийн хүснэгт

  • #1 Николоз Шеразадишвили /Испани/
  • #8 Гвак Дон-Хан /БНСУ/
  • #4 Маммадали Мехдиев /Азербайжан/
  • #5 Неманя Маждов /Серб/
  • #2 Кристиан Тот /Унгар/
  • #7 Александр Куколь /Серб/
  • #3 Иван Фелипе Сильва Моралес /Куба/
  • #6 Бека Гвиниашвили /Гүрж/

 

-70 кг: Нийт 41 орны 48 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ хүргүүлжээ. Энэ жингийн олимп, дэлхийн аварга Японы Харүка Тачимото зодог тайлснаас хойш Чизүрү Арай сүүлийн хоёр жил дараалан дэлхийд босоо байгаа. Тэрбээр 2015 оны Астанагийн дэлхийн аваргад тавдугаар байр эзэлснээсээ хойш IJF-ийн дэлхийн цувралаас тасралтгүй медаль авч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа ялагдсан Ч.Арай энэ удаад А хэсэгт Недерландын Санне  Ван Дийктэй хуваарилагдах бол В хэсэгт Автрийн Михайла Поллерес, Бразилийн Мариа Портелатай оржээ. Харин өнгөрсөн оны дэлхийн дэд аварга Францын 22 настай залуу од Мари Ив Гахи 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальтай Пуэрто Рикогийн Мариа Перезтэй хуваарилагдахаар болсон бол энэ онд онцгой байгаа Шведийн Анна Бернхолм, олимпийн хүрэлтэй Их Британы Салли Конвэйтэй нэг хэсэгт орно. Түүнчлэн энэ жингийн гол төлөөлөгч ДАШТ-ий их бүрэн медальтай Колумбын Юри Алвейр, Их Британ Гемма Хоуэлл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Испаний Мариа Бернабэу, дэлхийн чансааг тэргүүлж явсан дэлхийн медальт Недерландын Ким Поллинг нар медалийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлнэ. Мөн -63 кг-аас жин өгсөн барилдаж буй Францын Марге Пинотыг өрсөлдөөнөөс хасч болохгүй. Тэрбээр ДАШТ-ээс өмнө Марракечийн Гран При болон Европын хоёрдугаар наадамд түрүүлээд байгаа. Тус жинд манай залуу тамирчин Ц.Энхчимэг хэрхэн хүч үзэхийг энэ сарын 29-ний өдөр харах л үлдлээ.

Топ-8 жүдочийн хүснэгт

  • #1 Чизүрү Арай /Япон/
  • #8 Санне Ван Дийк /Недерланд/
  • #4 Михайла Поллерес /Австри/
  • #5 Мариа Портела /Бразил/
  • #2 Мари Ив Гахи /Франц/
  • #7 Мариа Перез /Пуэрто Рико/
  • #3 Анна Бернхолм /Швед/
  • #6 Салли Конвэй /Их Британ/

Сонирхуулахад энэ удаагийн ДАШТ-ийг Монгол Улсад SPS HD, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар өдөр 13:00 цагаас эхлэх бол үдээс хойш медалийн төлөөх барилдаанууд үдшийн 20:00 цагаас эхлэх юм.