Хироми Томита: Монголд ирсэн ажлынхаа гол үр дүнг Токиод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр харна даа

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Японы жүдо бөхийн домогт дасгалжуулагч Хироми Томита хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлаад эх орон руугаа буцлаа. Тэрбээр энэ удаад “Токио-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын бэлтгэлтэй танилцсанаас гадна клубүүдийн багш, шинэ залуу тамирчдад зөвлөгөө өгсөн юм.  Мөн ноён Хироми Томитаг манай улсад байх үеэр буюу энэ сарын 14-нд, Монголын жүдочдын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан билээ. Түүнийг эх орон руугаа буцахаас нь өмнө уулзаж, ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө “Алтан гадас” төрийн дээд одонгоор шагнуулсанд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Үнэхээр гэнэтийн үйл явдал болсон шүү. Намайг ийм өндөрөөр үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнана гэж огт бодоогүй.

-Та манай улсад ирэхдээ их олон зүйл амжуулна гэж бодож, төлөвлөсөн байх. Ирсэн гол зорилгоо биелүүлж чадав уу. Нууц биш бол манай уншигчдад энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Миний Монголд ирсэн гол ажил бол дэлхийн аваргад оролцох баг, тамирчдад зөвлөгөө өгөх, шинэ залуу тамирчдад жүдо бөхийн үндсэн техник заах байлаа. Ирсэн зорилгоо гүйцэтгээд энэ том одонг аваад буцаж байгаадаа баяртай байна. Гэхдээ Монголд ирсэн ажлынхаа гол үр дүнг Токиод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр харна даа.

-Та манайхны бэлтгэлийн явцыг харсан болохоор өөрийн дүгнэлтээ хийсэн л байгаа.  Ингэхэд манай тамирчдын бэлтгэл ямар байна вэ. Шуудхан асуухад дэлхийн аваргад амжилт үзүүлэх боломжтой тамирчин таны нүдэнд тусав уу?

-Би Монголын жүдочдыг дэлхийн аваргаас 2-3 медаль авчих байх гэж бодож байна. Гэхдээ нэр цохож хэлээд хэрэггүй байх. Танай улсад байх хугацаандаа “Говь ресорт” бэлтгэлийн төвд очсон. Тэнд бэлтгэл хийж байгаа тамирчдаас дэлхийн аваргаас медаль авчих магадлалтай залуус харагдсан шүү.

-Ингэхэд Та Монголын жүдочидтой холбогдоод, өөрийн зөвлөгөөгөө өгөөд 10 гаруй жил болсон байх аа. Танд манай жүдочдод, багш дасгалжуулагчдад анхааруулмаар, хэлмээр санагдсан зүйл мэдээж байдаг л байх?

-Тийм ээ. 2009 онд Японы Токио хотноо болсон “Их дуулга” тэмцээний үеэр Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай танилцаж улмаар Монголын жүдо бөхтэй холбогдсон юм байна. Анх миний ажил бол Монголын эмэгтэй жүдочдын арга техниктэй ажиллах байсан. Тэгээд 2010 онд М.Бундмаа дэлхийн аваргаас медаль хүртсэн. Миний ажилласан тэр шигшээ багаас одоо М.Уранцэцэг, Д.Сумъяа нар л үлдсэн байна.  Тухайн үед М.Уранцэцэг, Д.Сумъяа нараас гадна Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар байсан. Үнэхээр сайн баг байсан. Хэдийгээр эдгээр тамирчид эхнээсээ барилдахаа больж байгаа ч тэдний ирээдүй болсон залуу тамирчидтай сайн ажиллаж чадвал Монголоос олон шилдэг тамирчин төрөн гарна гэдэгт итгэдэг. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд хэрвээ одоо Урнаа, Сумъяа нар барилдахаа больвол олон улсад тэдэн шиг өндөр амжилт гаргах Монгол жүдоч өөр хэн байж болох вэ гэдгийг бодох ёстой болж. Яагаад гэвэл яг одоо тэдэн шиг амжилт гаргахаар тамирчин цөөхөн харагдаж байна. Тиймээс цаашдаа жин бүрт 4-5 сайн тамирчин бэлдэх хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна.

Мөн би Монголд байх энэ хугацаандаа шигшээ багийн бэлтгэл дээр очихоос гадна клубүүдэд харьяалагддаг өсвөрийн хүүхдүүдийн бэлтгэлтэй танилцсан. Тэнд ирээдүйн Урнаа, Сумъяа нарыг олон харсан гэдгийг энд хэлэх ёстой. Амжилтад хүрэх хүүхэд нүднээсээ л харагддаг юм. Тиймээс жүдогийн үндэс суурийг нь зөв тавьж, тэр хүүхдүүдийг олж гаргаж ирж, бэлтгэх нь их чухал.

-Тэгвэл ирээдүйн шилдгүүдийг "төрүүлэхийн" тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Намайг анх ирэхэд Монголын эмэгтэй жүдо дундаж түвшинд байсан. Тухайн үед -52 кг-ын жинд М.Бундмаа ганцаараа жүдо бөхийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байсан шүү. Одоо бол дэлхийд данстай тамирчид гарч ирсэн байна. Хамгийн гол нь одоо тэдгээр шилдэг тамирчдын залгамж халаа болгож жин тус бүр дээр 4-5 тамирчин бэлдэх зайлшгүй шаардлагатай гэдгийг энд дахин дахин хэлмээр байна. Одоо миний хэлэх зүйл гэвэл дэлхийд танигдсан жүдочид маань дараагийн залгамж халаагаа бэлдэх ёстой. Миний үед сайн байсан ч одоо бол зодог тайлаад байгаа М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд, О.Жавзмаа нар дасгалжуулагч болж, өөрсдийн жингийн шилдгүүдээ, доод  үеэ бэлтгэх ёстой. Өөрсдийн жингийн хүүхдүүдийг дээш нь, дэлхийн дэвжээнд гаргаж ирмээр байна. Миний энэ зөвлөгөө М.Уранцэцэг, Д.Сумъяа нарт ч хамаатай. Мөн миний бодлоор эмэгтэй багийн амжилт ирээдүйд илүү тод харагдах байх гэж бодож байна. Дээр хэлсэн дээ. Эмэгтэйчүүдээс медаль авчих түвшиний 2-3 тамирчин байна гэж. 

-Та 1969 оноос эхлэн дасгалжуулагч, зөвлөх багшийн ажлыг хийж эхэлсэн гэдэг байх аа. Ингэхэд манайхаас өөр ямар оронд зөвлөх дасгалжуулагч хийж байсан бэ?

-Франц, Польш, Иран, Сири зэрэг улсад албан ёсны зөвлөх багшаар ажиллаж байсан. Мөн АНУ, Колумб, Канад, Словак, Бельги, Чех зэрэг улсад жүдо бөхийн сургалт, семинар хийж байсан юм байна шүү.

-Ингэж асуусан учир нь Монголын жүдочдын тэдгээр орны тамирчдаас ялгарах онцлог бас давуу болон сул тал нь юу вэ гэж асуух гэсэн юм?

-Монголд үндэсний бөхийн спорт хөгжсөн. Үүгээрээ алдартай. Анх намайг танай улсад ирэхэд монгол жүдочдын барилдах арга, техник бусад орны тамирчдаас арай өөр байсан. Жүдогийн үндсэн мэх, техникийг хийдэг бөх байсан ч монгол бөхийнхөө арга барилаар барилддаг жүдоч  нь илүү олон байлаа. Тиймээс миний хувьд тэр бөхчүүдэд жүдо гэж яг юу болох гээд жүдогийн мэх, техник талаас нь зөвлөгөө өгч байсан. Жүдо бөхийн үндсэн арга барилыг бүрэн эзэмшсэн тохиолдолд Монголын жүдочид маш сайн амжилт гаргана гэдэгт итгэлтэй байсан. Мөн анх намайг ирэхэд монголчууд хэвтээ барилдаан бараг хийдэггүй, босоо барилдааны бэлтгэл хийдэг байсан. Японы эмэгтэй жүдочдын ялалтын 80 гаруй хувийг хэвтээ барилдаан эзэлдэг л дээ. Тиймээс хамгийн түрүүнд хэвтээ барилдааны арга техникүүдийг заахыг зорьж ажилласан. Эрэгтэй тамирчдын хувьд 2009 он хүртэл хөл авч болдог байсан. Тийм учраас анхны олимп, дэлхийн аваргууд төрсөн.

-Та дээр эмэгтэй баг түлхүү амжилт гаргах болов уу гэж ярьсан. Тэгвэл эсрэгээгээ, манай эрэгтэй жүдочдын амжилтыг хэрхэн дүгнэх вэ?

-Үнэхээр хүнд асуулт байна. Монголын эрэгтэй жүдочид үндэсний уламжлалт бөхийнхөө арга техникийг жүдо бөхөд оруулж ирснээр монгол стилийн жүдог дэлхийд бий болгосон. Энэ арга техник нь 2008 онд анхны олимпийн аваргатай болгосон гэж боддог. Харин жүдо бөх хөл авахыг хориглосноор Монголын жүдо бага зэрэг уналтад орсон. Тиймээс Японы үндсэн жүдогийн техникийг үндэсний бөхтэйгээ холбон суралцахад гурван жилийг зарцуулсан. Үр дүн нь 2012 оноос эхэлж гарсан гэж боддог. Одоо хөнгөн жингүүдэд өрсөлдөөн сайн байна. Ер нь доод гурван жинд өрсөлдөөн ихтэй байгаа нь сайн хэрэг. Харин хүнд жинд монголчуудыг нэг хүн өдий хүртэл дархалж  ирлээ./Н.Түвшинбаярыг хэлж байна/ Өнгөрсөн жилээс -100, +100 кг-ын жинд монголчууд дэлхийн аваргаас медаль хүртлээ. Энэ бол сайн шүү.

-Чин сэтгэлээсээ ярьж, манай жүдогийнхонд хэрэгтэй зөвлөгөө, шинэ мэдээлэл өгсөн таньд  баярлалаа. Ярилцлагын төгсгөлд таниас Монголын жүдо бөхийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ гэж асуумаар байна?

-Монголын жүдо хүчтэй гэдгийг дэлхий мэднэ. Гэхдээ дэлхийд өндөр түвшинд өрсөлддөг зарим жүдочдын амжилт буураад байгаа учраас тэдгээр жүдочдын алдаа дутагдалыг засах зорилгоор намайг Монголд авчирсан. Миний хувьд ч тэдгээр тамирчдын гаргаж байгаа алдааг өөрийн зүгээс тодорхойлж хэлж өгсөн гэж бодож байна. Өндөр зэрэглэлийн тамирчид алдаагаа засаад бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл эргээд амжилт нь өснө өө. Мөн монгол тамирчид торгуулиар ялагдах нь их байна. Энэ бол маш харамсалтай зүйл шүү. Үүнд бүгд анхаарах хэрэгтэй. Мөн дахин нэг зүйлийг бүх тамирчин,дасгалжуулагчдад хэлэхэд өдрөөс өдөрт дэлхийн жүдогийн дүрэм, кодокан жүдогоос өөр болж хувьсан өөрчлөгдөж байна. Иймээс бүх тамирчин цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Ингэж л хэлэх байна даа.

-Таньд маш их баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч А.ТҮМЭНБАЯР