С.Энхтүвшин: Есдүгээр сарын сүүлч, арав, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, шуурч, эрт хүйтэрнэ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин цаг агаарын төлөв, ирэх өвөл цаг агаар ямар байх талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр тэрбээр "Наймдугаар сарын 24-26, 28-31-нд ихэнх нутгаар бороо орох, энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Өдөртөө 8-13 хэм дулаан байна. Жил бүрийн өвлийн цаг агаарын мэдээ наймдугаар сарын 25 гэхэд гардаг. Өнөөдөр эцэслээгүй учраас ерөнхий мэдээлэл өгье" хэмээн онцолсон юм.

Тэрээр 

Өнгөрсөн сард 105-188мм хур тунадас орж, энэ зун тунадас ихтэй байлаа. Энэ сарын 24-26, 28-31-нд ихэнх нутгаар бороо орох, энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна.

Есдүгээр сард уулархаг нутгаар өдөртөө 4-9 хэм дулаан, шөнөдөө 2-8 хэм хүйтэн байна. Есдүгээр сарын эхний арав хоногт зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үед нутгийн зарим хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрөх үе есдүгээр сарын сүүлийн хагаст буюу гуравдугаар арав хоногийн дунд  үед тохиох учраас эрс хүйтэрч, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй.

Энэ хавар арай эрт дулаарч, анхны бороо олон жилийн дунджаас эрт  орж, бороо хур өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Ихэнх гол мөрөн үерийн байдалтай байна. Наймдугаар сарын сүүлээс байгалийн жамаар бороо хур багасах боловч намрын саруудад олон жилийн дунджийн орчим, зарим газраар ахиу хур тунадас орж, өнгөрсөн жилээс эрт сэрүүн орох төлөвтэй байна. Есдүгээр сарын сүүлч, арав, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, цасан шуурга шуурч, эрт хүйтэрнэ. Арваннэгдүгээр сарын дунд үеэс цасан бүрхүүл тогтох урьдчилсан төлөвтэй байна.

Эндээс үзэхэд 2019 оны ес, аравдугаар сард үе үе цочир хүйтрэх, нойтон цас орж, салхины хурд шүрүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул ургац хураалтад сөргөөр нөлөөлөх эрсдэл байна. Тиймээс ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг богино хугацаанд эртнээс зохион байгуулж, өвлийн бэлтгэлийг хангах шаардлага үүсч байна.

Арваннэгдүгээр сарын дунд үеэс цасан бүрхүүл тогтож, цаашид хайлахгүйгээр өвлийн сарууддаа нэмэгдэж, зузаарах төлөвтэй байна. Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтож, баруун төвийн бүсийн зарим нутгаар арав, арваннэгдүгээр сард бороо, цас холилдон орсноос малын бэлчээрт хүндрэл учирч болзошгүй.

2019 оны арванхоёрдугаар сар, 2020 оны нэгдүгээр сард цас ахиу орсон нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Энэ жил зун, намрын улиралд их бороо орсон учир хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн өвөлдөө хөрс гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтсон газруудад хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, шуурснаас зарим зам, даваа цасанд боогдох хаагдах нөхцөл үүсэх эрсдэл байгаа учраас өвөлжилтийн байдалд дүгнэлт хийж, малын тэжээл, хадлан бэлтгэхэд ажилд онцгой анхаарч, Засгийн газраас өвс тэжээлийн экспортыг хязгаарлаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг анхаарах хэрэгтэй байна” гэв.