У.Хүрэлсүх: Эко системийг устгаж буй уул уурхайн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд Ө.Энхтүвшин болон 21 аймгийн Засаг дарга болон яам, агентлагийн дарга нар оролцож зуншлага болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцлаа. Мөн Ерөнхий сайд хуралдааны төгсөлд Засгийн газрын гишүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд мөн аймгийн Засаг дарга нарт хатуухан үүрэг даалгавар өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Тэрбээр, "Салбар, салбартаа та бүхэн маш сайн анхаарах ёстой. Ялангуяа гурил, махны асуудалд онцгойлон анхаармаар байна. Энэ талаар би Засгийн газрын хурал дээр Ч.Улаан сайдад үүрэг даалгавар өгсөн. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Хүнс хөдөө аж ахуйн яамыг удирдаж буй Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү гэж хэлж байгаа. Эртхэн зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай гэж Ерөнхий сайдын хувьд анхаарууллаа шүү. Дараа нь тайлбар хүлээж авахгүй. Мөн орон нутаг болон улсын хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудаа хуваарийн дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Аймаг орон нутгийн дарга нар ажилдаа эзэн байж, сахилга бат, дэг журмыг тогтоож ажиллах нь чухал. Та бүхэн нийгэмд шударга ёсыг тогтоох, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилттой ажиллах ёстой. Монголын төр мөнгөний өмнө өвдөг сөгдөж болохгүй. Би шударгаар бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүмүүсийг хэлээгүй. Харин хууль бусаар Монголын баялгийг хувьдаа завшиж буй төрийн эрх мэдлийг гартаа авсан олигархуудын талаар ярьж байна гэдгийг ялгаж ойлгоорой. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй байгаа юм. Хариуцлагагүй хууль бус уурхайнууд ажиллаж байгаа Архангайн Цэнхэр сум, Хэнтийн Гутайн даваа, Орхоны хөндий, Сэлэнгэ, Ерөө, Хүдэр гээд нутаг усаа хар. Дээр нь Төв аймгийн Эко-Алтан заамар гэх мэт нутаг усаа ухаж буйг зогсоож, нөхөн сэргээх талаар Төрийн бүх шатанд холбогдох салбарын хүмүүс анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Энэ бүхэн дээр манай аймаг орон нутгийн удирдлага, холбогдох яамны удирдлагууд арга хэмжээгээ авна. Цагдаагийн дарга, Хууль хяналтын удирдлагууд,Тагнуулын дарга аа. Энэ бүхнийг хаа. Энэ гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг бол энэ замбараагүй уул уурхайтай тэмц гэж ард түмэн шаардаж байна. Эх орноо хамгаалах цаг болсон.Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөе. Тэр газар нутгаа очиж хамгаалаг. Бид эх орноо хамгаалах гэж цэрэг тэжээдэг. Тэгвэл эх орныг чинь хэдэн тонуулчид ухаад дууслаа. Гол мөрөнг чинь ширгээгээд дууслаа.Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. 5 аймгийн нутаг дамжин урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа. Орхон гол нутгаар нь урсдаг 5 аймгийн Засаг дарга гараа өргө. Архангай, Өвөрхангай, Булган,Сэлэнгэ, Төв гэсэн 5 аймгаар дамжиж урсдаг. Монголын баялгийг гадаадад алдсан олгиархуудаас анх ухсан түүх нь эхэлсэн юм билээ. Одоо энэ дээр цэг тавих ёстой. Би хэллээ шүү. Орхон, Ерөө ,Эко Алтан Заамар, Гутайн даваа,Тост,Тосонбумбын нуруу эхний ээлжинд энэ таван газрыг шалга.Арга хэмжээгээ ав. Би үүнийг Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Ард түмэндээ ч хандаж хэлж байна. Албан тушаалтнууд үүнийг хийж чадахгүй бол ажлаа өг. Шадарсайд, Уул уурхайн сайд,Хөдөө аж ахуйн сайд, Байгаль орчны сайд гэсэн таван сайдтай ажлын хэсэг гарч байна. Байгаль орчин, эко системийн өмнө ямар ч албан тушаалтан, хууль дүрэм бөхийх ёстой юм шүү. Эко системийн эсрэг хууль дүрэм, эсрэг ажиллах албан тушаалтан гэж байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хуулин дор байдаг юм . Хамгийн аугаа хууль бол байгалийн хууль. Энэ аугаа хуулийг зөрчиж, эко системийг устгаж болохгүй. Эх орон чинь ард түмэн газар нутаг дээр оршин тогтдог юм. Эх оронд дайснууд байна. Энэ бол манай эко системийг нурааж буй, манай өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн манай ард түмний оршин амьдарч байгаа газар нутгийг хууль бусаар ухаж төнхөж буй олгиархууд, газар нутаг ухаж буй хүмүүс юм. Эдэнтэй тэмцэх ёстой. Эхний ээлжинд. Ерөнхий сайдын хувьд аймгийн нарт зориуд анхааруулж хэлье" гэсэн юм.