Жүдогийн ДАШТ-2019: Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг залуу жүдоч Л.Энх-Отгон орлоно

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу энэ сарын 27-нд эрэгтэйчүүдийн -73, эмэгтэй -57 кг-ын жингийн барилдаанууд болно. Уг нь эмэгтэй -57 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа “Чельябинск-2014” ДАШТ-ий 5-р байр, “Астана-2015” ДАШТ-ий хүрэл, “Рио-2016” олимпийн мөнгө, “Будапешт-2017” ДАШТ-ий алт, “Баку-2018” ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, сүүлийн таван жилийн хугацаанд завсаргүй медалийн төлөө өрсөлдсөн. Гэвч хөдөлмөрийн баатар маань энэ удаагийн ДАШТ-ийг  өнжхөөр шийдсэн бөгөөд түүнийг залуу жүдоч Л.Энх-Отгон орлон дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдөнө. 

Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар -73-т хүч үзнэ

 -73 кг-ын жинд манай хоёр шилдэг жүдоч хүч үзнэ. Тодруулбал, энэ жинд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, “Женко” клуб, “G-Mobile” компаний тамирчин, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр өрсөлдөнө. Тэрбээр дэлхийн аваргад гурван оролцохдоо бүгдэд нь медалийн төлөө өрсөлдсөнөөр дэлхийд данстай болоод байгаа. Түүнтэй хамт энэ жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин 2019 оны Ази, номхон далайн орнуудын аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзэх юм. 

-73 кг: Энэ жинд 77 орны 93 жүдоч хүч үзэхээр болсон нь “Токио-2019” ДАШТ-ий хоёрдугаарт орох үзүүлэлт болж байна.

Топ-8 жүдочийн хүснэгт

А хэсэг

  • #1 Рустам Оружов /Азербайжан/
  • #8 Тохар Бутбул /Израйл/

В  хэсэг

  • #4 Хедаят Хейдаров /Азербайжан/
  • #5 Акил Гжакова /Косово/

С хэсэг

  • #2 Лаша Шавдатуашвили /Гүрж/
  • #7 Ганбаатарын Одбаяр /Монгол/

D  хэсэг

  • #3 Томми Мациас /Швед/
  • #6 Артур Маргелидон /Канад/

.

-Энэ жинд сүүлийн хоёр дэлхийн аваргад түрүүлсэн Японы Сойчи Хашимото, БНСУ-ын Ан Чанрим нар оролцохгүй болсон нь өрсөлдөөнийг улам ширүүн болгохоор боллоо. ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Хашимотог япончууд энэ удаа өнжүүлсэн бөгөөд олимп, дэлхийн аварга Шохэй Оног Токиод өрсөлдүүлэхээр болсон. Харин өнгөрсөн оны аварга Ан Чанрим бэртлийн улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр энэ оны Ази, номхон далайн орнуудын АШТ-ий аваргын төлөө манай ОУХМ Ц.Цогтбаатарт ялагдсан бөгөөд түүнээс хойш тэмцээнд оролцоогүй байгаа юм. Энэ дэлхийн аваргын гол фаворит Шохэй Оногийн хувьд 2019 онд ганцхан Дюссельдорфын “Их дуулга”-д оролцож, алтан медаль  хүртсэн бөгөөд Бүх японы аваргад Масааши Эбинүма, Сойчи Хашимото нарыг ялснаар дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан билээ. Тэрбээр өнгөрсөн оны Азийн наадам, Осака “Их дуулга”-д түрүүлсэн ч дэлхийд чансаагаараа 14-д бичигдэж байгаа тул сугалаагаар аль нэг хэсэгт шидэгдэж хуваарилагдахаар боллоо. С.Хашимото, Ан Чанрим нар гэртээ үлдснээр манай гавьяат тамирчин Г.Одбаярт шилдэг наймд бичигдэх боломж гарч тэмцээний чансааны 7-дугаарт бичигдэн С хэсэгт олимпийн алт, хүрэл медальт Гүржийн Лаша Шавдатуашвилитэй хуваарилагдсан. Манай тамирчин хэрвээ шилдэг наймд шалгарвал ¼ шигшээд Лашатай хүч үзэх бөгөөд ялсан тохиолдолд D хэсгийн Томми Мафиас, Артул Маргелидон нарын шилдгүүдийн хэсгийн аваргатай хүч үзнэ. Харин манай ОУХМ Ц.Цогтбаатар А эсвэл В хэсэгт хуваарилагдана. А хэсгийг Азербайжаны Рустам Оружов тэргүүлэх бөгөөд түүнийг манай бөх өнгөрсөн онд нутаг дээр нь шүтэн бишрэгчдийнх нь өмнө сөхрүүлж байсныг жүдо бөх сонирхогчид маань мартаагүй. Харин В хэсэгт Азербайжаны Хедаят Хейдаров, Косовогийн Акил Гжакова нар хуваарилагдсан. Өнгөрсөн жил энэ жинд ОХУ-ын шигшээ тамирчнаа оролцуулаагүй бол өнөө жил Муса Могушков, Денис Ярцев нарыг хамтад нь илгээжээ. Мөн энэ жинд Унгарын домогт жүдоч Миклош Унгвари, олимпийн аварга Италийн Фабио Басиле, Францын Жуллем Чэйн, Германы Игор Вандке, Бельгийн Дирк ван Тишельт нар топ-8 жүдоч дээр суглагаар шидэгдэж хуваарилагдана.

-57 кг-ын барилдааныг өнгөрсөн оны дэлхийн аварга Цүкаса Ёшида тэргүүлэн барилдана

Энэ жингийн манай #1 жүдоч Доржсүрэнгийн Сумъяа ДАШТ-ийг өнжхөөр болсон бол залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Лхагватогоогийн Энхрийлэн гэмтлийн улмаас Токиог зорих боломжгүй болсон. Тэднийг энэ удаад Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн төгсөгч 18 настай Лосолын Энх-Отгон орлон дэлхийн дэвжээнд хүч үзнэ. Түүнээс гадна Токиод Мөнхцэдэвийн Ичинхорлоо Азербайжаны нэрийн өмнөөс хоёр дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөнө. Энэ жинг өнгөрсөн оны дэлхийн аварга Цүкаса Ёшида тэргүүлэн барилдана. Түүний хэсэгт Израйлын Тимна Нельсон Левай багт сан бол В хэсэгт олимпийн аварга Рафаэла Сильва, Канадын залуу од Жессика Климкайттай хамт бичигдэнэ. Тэдний ялагч Ц.Ёшидатай хагас шигшээд өрсөлдөх магадлал хамгийн өндөр байгаа бол С хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт Канадын Криста Дегүчи тэргүүлэн барилдана. Түүнтэй Германы Тереза Столл нэг хэсэгт багтах бол D хэсэгт Косовогийн Нора Гжакова, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Некода Смити-Дэвис нар хуваарилагдахаар болсон. Түүнчлэн энэ жинд дээгүүр өрсөлдөх магадлалтай Францын Хелене Ресевү, Сара Леон Чиске, Австрийн Сабрина Филзмозер, БНАСАУ-ын Ким Жин-А, Унгарын Эдвиг Каракас, Тайваний Лин Чен-Лин нар сугалаагаар топ-8 жүдоч дээр хуваарилагдана.

-57 кг:Энэ жинд 46 орны 59 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байна.

Топ-8 жүдочийн хүснэгт

А хэсэг

  • #1 Цүкаса Ёшида /Япон/
  • #8 Тимна Нельсон Левай /Израйл/

В  хэсэг

  • #4 Рафаэла Сильва /Бразил/
  • #5 Жессика Климкайт /Канад/

С хэсэг

  • #2 Криста Дегүчи /Канад/
  • #7 Тереза Столл /Герман/

D  хэсэг

  • #3 Нора Гжакова /Косово/
  • #6 Некода Смити-Дэвис /Их Британ/

Сонирхуулахад, “Токио-2019” ДАШТ-ий аварга жүдоч 26 мянган долларын шагнал хүртэх бөгөөд үүнээс 20800 долларыг өөрөө, 5200 долларыг дасгалжуулагч нь авах юм байна. Түүнчлэн мөнгөн медальтан 15 мянган доллар авах бөгөөд тамирчин 12000, дасгалжуулагч 3000 долларын шагнал гардана. Харин хүрэл медаль хүртсэн жүдоч 8 мянган долларын шагнал гардана. Үүний 6400 долларыг өөрөө авах бөгөөд  дасгалжуулагчид 1600 нь очих юм байна.