Жүдогийн ДАШТ-2019: Цэрэгт явахаас зайлсхийсэн шалтгаанаар шигшээгээсээ хасагдсан Ан Баулийг БНСУ-ын мэдүүлэгтээ илгээжээ

Японы Токио хотноо энэ сарын 25-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хөшгөө нээнэ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу энэ сарын 26-нд эмэгтэй -52, эрэгтэй -66 кг-ын жингийн барилдаанууд болох юм.

-52 кг-ын жинд манай улсаас Баянхонгор аймгийн тамирчин “Буэнрс-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, энэ оны Ази номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спортын хорооны тамирчин залуучуудын ДАШТ-ий тавдугаар байрт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой, -66 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, “Женко” клуб, Улаанбаатар спорт менежмент компаний тамирчин Ёндонпэрэнлэйгийн Басхүү нар өрсөлдөнө.

-52 кг:Урьдчилсан байдлаар энэ жинд 50 орны 59 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Топ-8 жүдочийн хүснэгт

А хэсэг

  • #1 Амандине Бушар /Франц/
  • #8 Ана Перез Бокс /Испани/

В хэсэг

  • #4 Чарлин Ван Сник /Бельги/
  • #5 Наталья Кузютина /ОХУ/

 

С хэсэг

  • #2 Үта Абе /Япон/
  • #7 Эвелин Цчопп /Швейцарь/

D хэсэг

  • #3 Ай Шишимэ /Япон/
  • #6 Майлинда Келменди /Косово/

“Токио-2020” олимпийн циклд япончууд энэ жинд дэлхийд ноёлож байгаа бөгөөд 2013 онд Ай Шишимэ нутаг нэгт Нацүми Цүнодагаа ялж түрүүлсэн бол өнгөрсөн онд Үта Абе, Ай Шишимэг аваргын төлөө ялсан.

Япончуудын аваргын төлөө финалдсан цуврал энэ жил тасрах нь тодорхой болсон бөгөөд Ай Шишимэ, Үта Абе нар өрсөлдөгчөө ялсаар байвал хагас шигшээд учраа таарах боломжтой. Гэхдээ Ай Шишимэгийн хэсэгт алдарт олимп, дэлхийн аварга Майлинда Келменди /Косово/ байгаа. Тэд хамгийн сүүлд “Будапешт-2013” ДАШТ-ий хагас шигшээд учраа таарахад А.Шишимэ өрсөлдөгчөө ялаад байгаа. Манай ОУХМ Л.Сосорбарам болон Б.Хорлоодой нарын нэг суглаагаар  Ү.Абе болон А.Шишимэгийн тэргүүлсэн хэсэгт хуваарилагдах учиртай. Харин хэн нэг нь дэлхийн чансааг тэргүүлэгч Амандине Бушарын “А” хэсэг болон Чарлин Ван Сник, Наталья Кузютина нарын “В” хэсэг рүү “шидэгдэхээр” болжээ. Мөн энэ жингийн “топ-8” жүдоч дээр суглаагаар шидэгдэх тамирчдын дунд ДАШТ-ий хошой мөнгө, 1 хүрэл медальт Андреа Читу /Румын/, олимпийн мөнгө, ДАШТ Одетте Жиуффрида нар суглаагаар шидэгдэхээр болжээ.

66 кг:Энэ жинд 75 орны 96 жүдоч хүч үзнэ

А хэсэг

  • #1 Важа Маргвелашвили /Гүрж/
  • #8 Даниэль Каргнин /Бразил/

В хэсэг

  • #4 Барух Шмайлов /Израйл/
  • #5 Денис Виеру /Молдав/

C хэсэг

  • #2 Жоширо Марүяма /Япон/
  • #7 Ерлан Серикжанов /Казахстан/

D хэсэг

  • #3 Хэфүми Абе /Япон/
  • #6 Таль Фликер /Израйл/

Өнгөрсөн оны “Баку-2018” ДАШТ-д нийт 75 жүдоч хүч үзсэн бол энэ удаад оролцогчийн тоо 21-ээр нэмэгдэх нь. Манай Улс энэ удаад дэлхийн #6 Ганболдын Хэрлэн бус сүүлийн 5 тэмцээн дараалан шагналын тавцанд зогссон Ё.Басхүүг ДАШТ-д томилсон.

Ё.Басхүү өнгөрсөн оны Осакагийн “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд Дюссельдорфын Гранд Слам, Ази номхон далайн орнуудын АШТ, Бакугийн Гранд Слам, Хөх хотын Гран Пригээс хүрэл медаль хүртээд байгаа. Тэрбээр дэлхийн чансааны 14 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд анхны дэлхийн аваргадаа өрсөлдөнө. Түүний жинг ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Гүржийн Важа Маргвелашвили тэргүүлэн барилдах ба Бразилийн Даниэль Каргниний хамт А хэсэгт хуваарилагдахаар болсон. Харин В хэсэгт Израйлын Барух Шмайлов энэ жил одтой байгаа Молдавын Денис Виерутай хамт бичигдэнэ. Израйлын бөхөөс илүүтэйгээр Молдавын бөх энэ онд онцгой сайн амжилт үзүүлж байгаа. Тэрбээр Парис, Бакугийн “Их дуулга”, Анатальягийн Гран При, оюутны Универсиад наадамд түрүүлсэн амжилттайгаар Токиод ирэх болно. Харин энэ жингийн гол Фаворит Жоширо Марүяма, өнгөрсөн оны дэд аварга Ерлан Серикжановын хамт “С” хэсгийг тэргүүлэн барилдах бол “D” хэсгийг дэлхийн хошой аварга Хэфүми Абе, Израйлын Таль Фликер нар тэргүүлнэ. Хэрвээ Японы хоёр жүдоч хэсгээ тэргүүлбэл хагас шигшээ учраа таарна. Тэд өнгөрсөн оны Осакагийн “Их дуулга”-д учраа таарахад Ж.Марүяма ялсан. Мөн энэ оны Бүх японы аваргад Ж.Марүяма өрсөлдөгчөө буулгаж авчээ. Х.Абе энэ онд IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал ганцхан тэмцээнд оролцсон бөгөөд Парисын “Их дуулга”-д Италийн Мануэл Ломбардод цэвэр ялагджээ. Энэ жинд “топ-8” жүдочдоос гадна медалийн төлөө Украйн домог Георгий Зантарая, дэлхийн гурван мөнгөтэй ОХУ-ын Михайл Пульяев, олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул нарын шилдгүүд хүчтэй өрсөлдөх бизээ. Г.Зантарая аварга өнгөрсөн сард Европыг спортын наадамд түрүүлсэн амжилттайгаар Токиод ирнэ. Харин цэргийн алба хаахаас зайлсхийсэн шалтгаанаар шигшээ багаасаа хасагдаад байсан Ан Баулийг БНСУ-ын мэдүүлэгтээ илгээжээ. Ан Баул өнгөрсөн сард Загребийн Гран Прид өрсөлдөхөөр очсон ч дэвжээнд гарч ирээгүй юм.