Ерөнхий сайд Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүрэг өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мөн цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар тэрбээр БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийсэн бөгөөд түүний хэлсэн үгийг хүргэж байна.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

“Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим олигархи Монгол төрийн хуулийг зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн радио, телевизээр харж байгаа. Гурвантэс сумын нутгийн иргэд газар нутгаа хамгаалж уйлаад ярьж байна. Тэд төрөөс юм гуйгаагүй. Харин газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг, байгалийнхаа онгон дагшин байдал, эко системийг бүрэн бүтэн авч үлдэх гэсэн ард түмэн. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад газрыг нь ухаад байгаа юм. Тэр газрыг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа.

Энэ асуудлаар хоёр гурван удаа үүрэг даалгавар  өгч байсан. Нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулсан. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орныхоо газрыг сэндийчээд, ард түмнийг бухимдуулаад. Хувьдаа ашиг олно гэж сонгогддоггүй байх гэж бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна.

Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэж хүн хэлж байна. “Энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдсөний төлөө 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гээд иргэн хүн авлигын асуудлыг улс орон даяар ярьж байна. Цагдаа нар яагаад үүнийг шалгахгүй байна. Улаанбаатар хотод болсон хэлэцүүлэгт оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон тэр хүмүүс нь радио телевизээр ярьж байна. Та нар яагаад үүнийг шалгахгүй байна вэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байна. Нүдэн дээр чинь хууль зөрчөөд байна. 

“Саудсгоби сэндс” компанид өгсөн ашигт малтмалын лиценз чинь хуурамчаар үйлдсэн байна. Багийн Иргэдийн хурал хуралдаж тогтоол шийдвэр гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд БОАЖЯ-руу явуулчихсан. Хууль бусаар ашигт малтмалын лиценз олгочихсон байна. Үүнийг яагаад олж харахгүй байна вэ. Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Цагдаа, тагнуулын дарга аа. Хэрэг үүсгэж шалга. Шударга ёсыг тогтоох ёстой. Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Өнөөдөр Байгаль орчны сайд та шийдвэрээ гаргаад энэ компанийн лицензийг цуцал. Би үүрэг өглөө шүү. Аваачаад тавьчихсан байгаа машин техник хэрэгслийг нь журмал. Өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдөд хэрэг үүсгэж шалга Тагнуулын дарга аа. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Өвлийн тэсгим хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг та нар битгий мартаарай. Энэ хүмүүс яах гэж жагссан юм бэ. Монгол Улсад шударга ёсыг тогтоож өгөхийг хүсч жагссан. Тэр итгэл найдварыг нь хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Монголын хууль шүүхийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудаа л ашигла. Ийм л үүрэг даалгавар өгье. Сайд нар ажилдаа орцгоож болно” гэв,