“Токио-2019” ДАШТ-д 151 улсын 889 тамирчин өрсөлдөнө

Энэ сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы Токио хотын Будокан ордонд эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх жүдо бөхийн ДАШТ болно. ДАШТ-д нийт 151 улсын эрэгтэй 537, эмэгтэй 352 нийт 889 тамирчин оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд дэлхийд жүдо бөхийн хөгжлөөрөө тэргүүлэгч МОНГОЛ УЛС бүтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Энэ удаагийн дэлхийн аваргад хамгийн олон орон, хамгийн олон тамирчин оролцож байна

Жүдо бөхийн ДАШТ-д 2007 онд хамгийн олон буюу 138 орон оролцож байсан бол 2011 онд Парист 871 жүдоч хүчээ үзсэн нь урд өмнө нь болж байгаагүй түүхэн рекорд байв. Тэгвэл энэ удаагийн Токиогийн ДАШТ оролцогч орон болон тамирчдын тоогоороо түүхэнд тэмдэглэгдэхээр боллоо. ДАШТ-д АНУ, БНСУ, ОХУ, Португал, Монгол, Япон, Герман, БНХАУ, Бразил улсууд л бүтэн багаа илгээж байгаа.

ДАШТ-ээс хамгийн олон медалийг Францын амьд домог Тедди Ринье авчээ

Монгол Улс жүдо бөхийн ДАШТ-ээс нийт 4 алт, 4 мөнгө, 16 хүрэл медалийг “олзолсон”. Харин ДАШТ-ээс хамгийн олон медалийг Францын амьд домог Тедди Ринье авсан бөгөөд 10 алт, 1 мөнгөн медалийг хүртжээ. Түүний дараа медалийн чанараараа Японы Наояа Огова бичигддэг бөгөөд 4 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилттай. Гуравдугаарт Францын Давид Дуйе, Японы Шозо Фүжий, Ясүхиро Ямашита нар дөрвөн түрүүтэйгээр бичигддэг.  Медалийн тоогоороо домогт Тедди Риньегийн араас ОХУ-ын Александр Михайлин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, Грекийн Илиас Илиадис 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар бичигддэг. Харин багийн ДАШТ-ий медалийг оролцуулбал Тедди Ринье 11 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлдэг бол Японы Масааши Эбинүма, Рика Накаяа нар 5 алт 1 мөнгө 1 хүрэлтэй удаалдаг юм. Эмэгтэй жүдочдыг Японы Риёко Тани буюу “Тамүра”, БНХАУ-ын Тон Вен нар 7 алт, 1 хүрэл медалиар тэргүүлдэг бол медалийн тоогоороо Бельгийн Ингрид Бергмэнс 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 11 медальтайгаар тэргүүлдэг.

Хамгийн залуудаа дэлхийн аваргаар тодорсон жүдочид бол Тедди Ринье, Дариа Белодид

Т.Ринье 2007 онд 18 нас 5 сартайдаа дэлхийд тэргүүлсэн бол Д.Белодид өнгөрсөн оны ДАШТ-д 17 нас 11 сартайдаа “бөмбөрцөгийн” аварга болжээ. Сонирхолтой нь жүдодоо эргэн ирэлт хийсэн Т.Ринье "Токио-2019" ДАШТ-д Францын багийн бүрэлдэхүүнд нэрээ өгөөгүй байгаа бөгөөд "гурван өнгөтнүүд" эрэгтэй 8 тамирчны нэр илгээжээ.

Манай улсаас дэлхийн аваргын хошой медальтан одоогоор дөрөв төрөөд байна

Харин манай улсаас хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа 1 алт, 2 хүрэл медальтайгаар тэргүүлдэг бол М.Уранцэцэг 1 алт, 1 мөнгө, Г.Болдбаатар 1 алт, 1 хүрэл, Х.Цагаанбаатар 1 алт, 1 хүрэл медальтай. Тэднээс өөр дэлхийн хошой медальтан одоогоор төрөөгүй байна. Монголчууд жүдо бөхийн дэлхийн аваргаас анх 1989 онд медаль хүртсэн түүхтэй. 1989 онд Югославын Белград хотноо болсон ДАШТ-ий -60 кг-ын жинд гавьяат тамирчин Дашгомбын Баттулга анхны хүрэл медалийг авсан бол хөдөлмөрийн баатар, ардын багш Одвогийн Балжинням -95 кг-ын жинд ЗХУ-ын Коба Куртанизетэй аваргын төлөө өрсөлдөж, шүүгчийн саналаар ялагдаж, мөнгөн медаль хүртэж байлаа.

1989 Югослав Бельград

1. Д.Баттулга                                                   -60 кг                    хүрэл

2. О.Балжинням                                              -95 кг                    мөнгө

2005 Египт Кайр

3. Х.Эрдэнэт-Од                                              -57 кг                    хүрэл

2009 Недерланд Роттердам

4. Х.Цагаанбаатар                                          -66 кг                    алт

2010 Япон Токио

5. Мөнхбаатарын Бундмаа                            -52 кг                    хүрэл

6.Хашбаатарын Цагаанбаатар                     -66 кг                    хүрэл

2013 Бразил Рио де Жанейро

7.Мөнхбатын Уранцэцэг                               -48 кг                    алт

8.Дашдаваагийн Амартүвшин                     -60 кг                    мөнгө

2014 ОХУ Чельябинск

9. Ганбатын Болдбаатар                             -60 кг                    алт

2015 Казахстан Астана

10. Доржсүрэнгийн Сумъяа                        -57 кг                    хүрэл

11.Сайнжаргалын Ням-Очир                      -73 кг                    хүрэл

12.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа                    -63 кг                    хүрэл

2017 Унгар Будапешт

13. Мөнхбатын Уранцэцэг                         -48 кг                    мөнгө

14. Ганбатын Болдбаатар                          -60 кг                    хүрэл

15.Доржсүрэнгийн Сумъяа                        -57 кг                    алт

16.Ганбаатарын Одбаяр                            -73 кг                    хүрэл

17.Балдоржийн Мөнгөнчимэг                    -63 кг                    хүрэл

18.Найдангийн Түвшинбаяр                     +100 кг                 хүрэл

2018 Азербайжан Баку

19. Доржсүрэнгийн Сумъяа                       -57 кг                    хүрэл

20. Лхагвасүрэнгийн Отгонбаатар            -100 кг                  хүрэл

21. Өлзийбаярын Дүүрэнбаяр                  +100 кг                 хүрэл