Сэрэмжлүүлэг!!! Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орж цаг агаарын онц аюултай үзэгдэл болж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орох ажээ. Энэ үеэр цаг агаарын онц аюултай үзэгдэл болж болзошгүй учраас нийт иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Түүнчлэн ОБЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээг өгч байгаа. Тодруулбал, ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн УЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Эг, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-40 см , Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд  үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.  8 дугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.