Монголчуудыг 27 жил бухимдуулсан засаглалын хямралаас Үндсэн хуулийн өөрчлөлт л гаргана

"Монголд засаглалын хямрал нүүрлээд олон жил болж байна. Төрийн дээр нам байна. Намын  гэх тодотголтой хүмүүс төрийн ажлыг хийж чадахгүй байна. Үүний золиос нь жирийн иргэд болж байна".

Монголын ард түмэн энэ шүүмжлэлийг хэлээд багагүй хугацаа өнгөрч байна. Багагүй гэдэг нь  27 жил.  Гэвч энэ хугацаанд манай улстөрчид дорвитой зүйл хийсэнгүй. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн цикл эхлэх болгонд улс төрийн намуудын удирдлагууд энэ тухай ярьж, "Хэрэв  биднийг, манай намыг сонгочихвол төрд үүсээд буй хямралыг арилгана. Хүнд суртал ч багасна. Монголын ард түмэн эх нутагтаа эзэн нь болно" хэмээн амалдаг ч юу ч хийдэггүй. Хийхийг ч хүсдэггүй.  Дөрвөн жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирэх үед байдал яг л хэвээрээ, харин ч авлига хээл хахуулийн сүлжээ улам газар авч, арга нь нарийсч, тэр хэрээр төрийн ажил цалгардаж, ард түмний амьдрал доошилсон байдаг.

Тэгвэл энэ бүхнийг өөрчлөх цаг болсон гэдгийг төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэд хүртэл хөндөж эхэллээ. Бас Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулж буй энэ бүх зүйлээс салгах гарц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Иймээс энэ бүхнийг хугацаа алдалгүй эхлэх ёстой гэдгийг тодотгон хэлж байна. Хамгийн гол нь энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын тулд олон нийт болон улс төрийн намуудын санал бодлыг сайн сонсож, "Долоо хэмжиж нэг огтлох" зарчмаар ажиллах нь зүйтэй гэсэн. 

Тэгвэл олны анхаарлыг татаад буй энэ асуудал дээр эрх баригчид хийгээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн тун ч анхааралтай ажиллаж буй. Тухайлбал, УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийнхэн л гэхэд өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийж байгаа. Өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн судалж, эрдэмтэн судлаачидтай санаа бодлоо уралдуулж байна. Мөн Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд энэ асуудал дээр онцгойлон ач холбогдол өгч, иргэд сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ улс даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Түүнчлэн парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намын удирдлагууд Үндэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө улс төрийн намын удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Энэ үеэрээ тэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж залруулахад чиглэх учиртай. Иймээс ч нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна хэмээн хэлсэн. Энэ талаар Иргэний Зориг-Ногоон намын дарга Ц.Ганхуяг л гэхэд "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ерөнхий шүүмжлэлүүд байгаа ч нэгэнт Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн барьж, бас улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд өргөн хүрээтэй оролцон байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв" хэмээсэн бол Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан. Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална" гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл жирийн малчин иргэд ч мөн үгээ дайж байна. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажлын айлчлал хийсэн энэ үеэр малчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг онцгойлон захилсан нь яах аргагүй анхаарал татаж буй. Нөгөө талаар эндээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж өнөөдрийн төрийн хямрал  завхарал арилна гэсэн гүн итгэл, бас хүлээлт улс төрийн хүрээнд ч мөн жирийн иргэдийн дунд ч бас үүсчихээд буйг харж болохоор байгаа юм. 

Дашрамд мэдээлэхэд, 2019 оны долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх 5 удаагийн цуврал хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү цуврал хэлэлцүүлэгт нийт 705 хүн оролцсон ба тэдний 154 нь асуулт асууж тодруулсан бол155 оролцогч үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн гэсэн тоон мэдээ байна. Түүнчлэн хэлэлцүүлэгт улс төрийн 28 намаас 203 төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагаас 261, эрдэмтэн судлаачид 90, цахимаар болон утсаар хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл 110 хүн оролцсон байна.