“Найрамдлын хонх” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслав

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл гардуулах ёслол өнөөдөр боллоо.

БНХАУ-ын “Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгуулсан уг ёслолд   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, “Жоу Эньлай” сангийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцсон юм.   Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 10,6 хувь буюу 11,3 мянга нь 0-17 насны хүүхдүүд. Бид хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой бөгөөд тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг улам сайжруулахад анхаарч ажиллаж байна” гээд хүүхдэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг БНХАУ-ын Засгийн газар,  Элчин сайд Шин Хаймин болон “Жоу Эньлай” сангийнханд талархал илэрхийллээ.

Элчин сайд Шин Хай Мин “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг Монголын тал албан ёсоор эхлүүлээд хоёр сар орчим болж байна. Бидний зүгээс энэхүү төвийн үйл ажиллагааг жигдрэх, хүний нөөц боловсон хүчний  сургалтын асуудал, энэ төвийн дагалдах байгууламж зэрэгт анхаарал хандуулж хамтран ажиллах болно” хэмээсэн юм.

“Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй  “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац,  хамгаалалтын цүнхийг бэлэглэсэн. Мөн зургийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гардуулан өглөө. Аяны хүрээнд мөн их, дээд сургуулиудад хятад хэлний сурах бичиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн ор зэргийг хүлээлгэж өгөв.

Ёслолын үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд аппарат бэлэглэж, оношилгоо үйлчилгээ хийсэнд эцэг эхчүүд баяртай байлаа.