Бусдаас тэрбум орчим төгрөгийн авлига авсан албан тушаалтнуудыг шүүх 40 сая төгрөгөөр торгожээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус хэлтсийн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд тухайлбал, шүүхээр хэрэг нь шийдэгдсэн төрийн албаны гурван хэргийн талаар мэдээллийг мөн ажлын байран дээрээ авлига авч байгаа баригдаж байсан бичлэгийг нь олон нийтэд ил болгов.

Бичлэгт, АТҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авсан. Ажлын байранд нь хийсэн нэгжлэгээр 25 сая төгрөг байсныг нь олон нийтэд дэлгэв. Мөн МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийн бичлэгийг ил болгов. Тэд бусдаас тэрбум орчим төгрөгийг авлигад авсныг мөрдөн байцаах шатанд бэлнээр хурааж авсан байна. Ингэхдээ, тэд ажлын байран дээрээ болон гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байгаад ийнхүү баригджээ. Гэвч тэдэнд холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, мөн тус бүр 40 сая төгрөгөөр торгосон аж.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

Түүнчлэн тус газраас  өнгөрч буй сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянажээ. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 758 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсан. Үүнээс 600 (өмнөх сарын үлдэгдэл орсон)  нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ц. Батсүрэнг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн байна. Одоогоор 158 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Иргэдээс ирүүлсэн 61 гомдлыг хянан шийдвэрлэлээ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч, 61  өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) хянан шалгаж, шийдвэрлэлээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд: 

  • Завхан аймгийн ЗДТГ-ын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд албан тушаал бууруулах,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвт цалингийн хэмжээг 3 сар 30 хувиар бууруулах,
  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатад цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах,
  • Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнайд цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.

Гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.                                                                           

Хэрэг бүртгэлтийн 346 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 7 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 440 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 30 хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 395 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10.0 хувийг шийдвэрлэжээ.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан С-ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэг нь Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах явцад илэрч шалгагдсан бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамаарах төрийн эрх ашигт хохирол учруулсан гэх хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх дээр хянагдаж байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.