Манай гурван жүдоч медалийн төлөө өрсөлдөнө

Хорватын нийслэл Загреб хотноо IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Гран При ангилалаар зохион байгуулагдах гэж байна. “Токио-2019” ДАШТ-ий өмнөх хамгийн сүүлийн тэмцээнд 87 орны 332 эрэгтэй, 226 эмэгтэй, нийт 558 жүдоч хүч үзэхээр хуран чуулаад байна. Өчигдөр тэмцээний техникийн зөвлөгөөн болон суглааны үйл ажиллагаа явагдахад олны хүсэн хүлээж байснаас +100 кг-ын өрсөлдөөнөөс Гурам Тушишвили хасагдсан байна. Харин домогт Францын Тедди Ринье чансаагаа ахиулахаар Загребт ирсэн бол Японы Хисаёши Харасава ДАШТ-ий өмнө дахин нэг удаа жүдогийн хаантай хүч үзэхээр иржээ. Тэд хоёр долоо хоногийн өмнө Будапештэд учраа таарахад Т.Ринье ялж, ялагдаагүй цувралаа 132 хүргэсэн. Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж, манай таван бөх хүч үзлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул, -57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Канадын Криста Дегүчи нар оролцохоор суглаанд оролцсон ч дэвжээнд гарсангүй. Харин манай улсаас таван бөх хүч үзэж гурав нь хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

-60 кг:Нийт 36 бөх хүч үзсэн энэ жинд дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар, энэ оны улсын аварга Энхтайваны Ариунболдын хамт хүч үзлээ. Г.Болдбаатар аварга эхний тойрогтоо “Баку-2018” дэлхийн аваргын тавдугаар байрт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Карамат Хусейновыг 3:35 минутад хоёр вазари авч цэвэр ялсан. Гэвч 1/8 шигшээд Польшийн Томер Голомбд цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

Харин зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг 1:58 минутад хоёр вазаригаар буюу цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг 1:12 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй хүч үзнэ.

-66 кг: “Монреал-2019”, “Будапешт-2019” тэмцээнүүдэд дараалан түрүүлээд байгаа Ганболдын Хэрлэн Казахстаны Гумар Кыргызбаевыг 3:41 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Мороккогийн Имад Бассоуг торгуулиар буулгаж авчээ. Гэвч “С” хэсгийн аваргын төлөө Испаний Алберто Гайтеро Мартинд нэмэлт цагт ялагджээ. Улмаар торгуульд Биажио Стефанеллиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө нутаг нэгт ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэгтэй хүч үзнэ.

Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Словакийн Матеж Полякийг 2:54 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Египтийн Мохамед Абделмаугоудийг нэмэлт цагт 5:08 минутад вазаригаар, гурвын даваанд Азербайжаны Ибрахим Алиевийг мөн нэмэлт цагт 5:06 минутад вазари үнэлгээгээр ялсан. Улмаар ¼ шигшээд Риогийн олимпийн тавдугаар байрт Словений Адриан Гомбочийг 7:11 минутад цэвэр ялжээ. Гэвч хагас шигшээд энэ оны Универсиад наадам болон Парисын “Их дуулга”-д түрүүлээд байгаа Молдавын Денис Вьеруд даралтаар ялагдлаа.

-52 кг: 2018 оны Монгол Улсын аварга Ганболдын Ганцэцэг эхний тойрогтоо Пан америкийн АШТ-ий хошой мөнгөн медальт АНУ-ын Анжелика Дельгадод вазари үнэлгээгээр ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн байна.