Ц.Монгол: Үндсэн хуульдаа хоёр танхимтай парламентын тогтолцоотой байх заалтыг оруулахгүй бол улс орны дампуурал цаашид ч үргэлжилнэ

Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төрийн хүрээнийхэн завгүй байна. Өнөөдөр л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын хэлэлцүүлгийн дөрөв дэх өдөр. Хэлэлцүүлгиййн  үеэр ажлын хэсгийнхэн болоод эрдэмтэн судлаачид мөн хуульчдын зүгээс олон янзын санал гарч байгаа бөгөөд зарим нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм байдлаар хийх нь зөв хэмээсэн бол нөгөө хэсэг нь буруутгаж байгаа юм. Бид энэ асуудлаар Үндсэн хууль судлаач, хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон асуудал олон хүний анхаарлын төвд байна. Зарим нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх ёстой гэж байхад нөгөө хэсэг нь ийм байдлаар хийж болохгүй гэх мэт. Та хуульч бас Үндсэн хууль  судлаач. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Миний хувьд Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нь ард түмний хүсэл зоригт нийцээгүй, тэдний хүсэл зориг, саналд тулгуурлагдаагүй л гэж хэлнэ дээ.

-Яагаад?

-Энд нэг зүйлийг зориуд тодотгож хэлмээр байна. Тодруулбал, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон энэ талаархи үндэслэлүүдийг маш тодорхой гаргаж тавьсан л даа. Тухайлбал, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай энэ тухай маш тодорхой ярьсан. Тэрбээр Үндсэн хуулийг одоогийн байгаа хариуцлагагүй, анархист, төрийн дээд албан тушаалтнууд нь эрх мэдлээ улс, эх орон, ард түмэндээ бус, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашигладаг одоогийн гаж тогтолцоондоо нийцүүлж, энэхүү тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн маш хариуцлагагүй заалтууд оруулсан. Өөрөөр хэлбэл, тогтолцоог хэвээр авч үлдэх гэсэн МАНАН-гийн маш ноцтой алхам. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр төрийн бүх эрх мэдэл урьдын адил хариуцлагын тогтолцоогүй нэг танхим бүхий УИХ болон нэг намын даргын гарт төвлөрөхөөр байгаа гэж. Би үүнтэй 100 хувь санал нэгддэг. Үүн дээр нэмээд товч бөгөөд тодорхой бас хатуухан хэлчихэд, МАНАН-гийн эрх ашгийг хамгаалсан М.Энхболд, Лүндээжанцан нарын хэсэг бүлэг этгээд дээрх хуулийн төслөө Үндсэн хууль зөрчиж санаачилсан. Үнэндээ Үндсэн хуулийг ингэж өөрчлөнө гэж байгаа нь дэвшил биш ухралт. Яагаад гэвэл МАНАН гэдэг бол дүр үзүүлсэн, хоосон Ардчиллын үр хөврөл тул энэхүү гаж тогтолцоогоо л хамгаална. Тэдэнд “хариуцлага”-ын буюу хоёр танхим бүхий хяналтын тогтолцоотой Төрийн байгууламжийг бий болгож Монгол орноо аврах, ард олноо сайхан амьдруулах хүсэл зориг байхгүй. Харин ч энэхүү гаж тогтолцоогоо авч үлдэх гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй. Би ингэж л хэлэх байна.  

-Тэгвэл таны бодлоор яах ёстой гэж. Зарим нь Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гээд байдаг. Гэтэл...?  

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэвэл мэдээж бий. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний хүсэн хүлээж байгаа, Монгол Улсын Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн өөрчлөлтийг оруулна уу гэхээс биш өнөөдрийнх шиг зохиомлоор бий болгосон, “бүх ард түмнээр хэлэлцүүлсэн” гэх нэрийн дор ард түмнийг хууран мэхлэх замаар өөрчилж болохгүй л дээ. Та бүхэн анзаарсан бол Үндсэн хуулийг өөрийг нь зөрчих байдлаар хэсэг бүлэг этгээд санаачилж, үүнийгээ "Зөвлөлдөх санал асуулга"-ын гэх нэрийн дор Үндсэн хууль зөрчсөн хууль батлаж, улмаар шинжээч хэмээн нэрлэсэн өөрсдийн гар хөл болсон хэдэн хуульчаараа, цөөн хэдэн хүний тархийг угаах замаар дэмжүүлсэн ийм хуулийн төслийг батлах гээд байна. Ингэх ёсгүй л байхгүй юу. 

-Үнэхээр тийм гэж үү? 

-Яг өнөөдрийн нөхцөл байдлаар тэгэж л харагдаж байна. Би энд нэг зүйлийг зориуд хэлье. 1992 онд баталсан Үндсэн хуулийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хуйвалдаанаар өөрчилсөн. Ингэхдээ 2000 онд олны ярьдгаар "дордохын долоо" нэртэй өөрчлөлтийг оруулснаар Үндсэн хуулийн эргэлт хийсэн. Үндсэн хуулийн эргэлт гэдэг бол “Төрийн эргэлт” гэсэн үг. Үүнийг би дандаа хэлдэг. Учир нь Үндсэн хуулийн эргэлт гэдэг нь бодитой, хариуцлагын тогтолцоо бүхий ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн заалтуудын оронд хариуцлагагүй, хэлбэрийн төдий гаж тогтолцоог бүрдүүлэх өөрчлөлтүүд хийсэн, намын бүлгийг УИХ-ын байнгын хорооны дээр тавьсан гээд л. Ингэснээр төрийн дархлаа алдагдаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, хууль батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа саармагжиж, улмаар Монгол Улсын төрийн байгууламжийн үндэс суурь ганхаж, аажмаар задрах үйл явц эхэлсэн. Баялгийн хуваарилалтын шударга зарчим алдагдаж, баялгийг хэсэг бүлэг этгээд хувааж авах, гадаад, дотоодын мөлжигчдөд  цөлмүүлэх гаж тогтолцоог бэхжүүлсэн. Үндсэндээ 2000 оноос хойш Монгол Улс төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалгүй болсон. Яагаад гэвэл, “Давхар дээл” гэж нэрлэдэг “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байна” гэсэн заалт оруулж, ирцийг 39 хүнээр тооцож, тэдний олонхи буюу 19 хүн хууль баталдаг гаж тогтолцоо руу оруулсан. Үүний хар мөр нь муу хуулиуд олноор батлагдан гарч Монголын эдийн засаг доройтох, үндэсний аюулгүй байдалд аюул учрах нөхцлийг бүрдүүлсэн. Ийм болгосныхоо  эцэст одоо хамаг муу муухай зүйл нь Үндсэн хуульд байсан гэх юм уу, энэ хуулиас л боллоо гээд бас л хэсэг бүлэг хүн өөрсдийн санаархлыг шургуулах гэж байна. 

- Таниас нэг зүйлийг зориуд тодруулмаар байна. Та дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАНАН-гийн эрх ашгийг хамгаалсан хэсэг бүлэг этгээдийн санаачилсан хуулийн төсөл гэж хэлсэн. Яагаад?  

-Зөвлөлдөх ардчиллын тухай хууль гээчийг Үндсэн хууль зөрчиж баталсан шүү дээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал гуай бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан. Гэвч хүлээж аваагүй. Өнгөрсөн хавар Үндсэн хууль тогтоогчдын холбооноос мөн л энэ асуудлаар өргөдөл гаргасан юм билээ. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл Үндсэн хуулийн Цэц бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, нөлөө ямар байгааг харж байгаад л маргаан үүсгэх үү эс үүсгэх үү гэдгээ шийддэг болчихсон. Үнэндээ төрийн одоогийн тогтолцоо МАНАН гээчийг бий болгосон. Тэгвэл одоо тэр МАНАН-ынхан нь өөрсдийн бий болгосон тэр тогтолцоогооо бэхжүүлэх гээд байна шүү дээ. Яагаад гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт орсноор энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй. Харин хоёр танхим бүхий тогтолцоог сонговол өөр хэрэг. Иймээс иргэд, олон нийт, улс төрийн бусад намууд бүгд Үндсэн хуульд оруулах гэж байгаа хэлбэрийн төдий нэмэлт, өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх заалтыг Үндсэн хуульд оруулахаар тэмцэх шаардлагатай гэх гээд байгаа юм.  

-Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр танд яг ямар санаа байна вэ. Үүнийг зайлшгүй тусгах ёстой гэсэн? 

-Миний санаа гэвэл Үндсэн хуульдаа хоёр танхимтай парламентын тогтолцоотой байх заалтыг оруулахгүй бол 30 жилийн дампуурал дахиад л үргэлжилнэ. Улс орныг сүйрлийн ангал руу хөтөлнө. Үндсэн хуулийн Цэцийг  мэргэжлийн шүүх болгох ёстой. Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарлах эрх олгох шаардлагатай. Герман болон бусад улс орны Үндсэн хуулийг судлахад Монголын Үндсэн хуультай ХБНГУ-ын Үндсэн хууль үзэл баримтлалын хувьд ойролцоо байдаг. Европын олон улс орон, түүний дотор Герман улс 1933 он хүртэл манайх шиг тогтолцоотой байсны улмаас ардчилсан Үндсэн хууль нь уналтад орж, улс орон нь дампуурч, эдийн засгийг нь өөр үндэстнүүд хяналтандаа авсан зэрэг сөрөг үр дагаврын  улмаас дарангуйллын тогтолцоо руу шилжсэн. Бүр фашист дэглэм тогтож дэлхийн 2 дугаар дайн дэгдсэн.Тэгвэл 60 сая гаруй хүний амийг авч одсон дайны дараа 1947 онд Герман улс одоогийн Үндсэн хуулиа баталсан. Ингэхдээ эрдэмтэн мэргэд, хуульчид гэхчлэн бүх салбарын төлөөлө, ард олон нийтээс санал авч ард түмэн улс эх орныхоо язгуур эрх ашигт нийцсэн Үндсэн хуулиа баталсан. Тиймээс тэд дайнд ялсан улсаас ч илүү үсрэнгүй хөгжилд хүрсэн. Зөв тогтолцоотой бол ямар ч улс орон хөгжинө. БНСУ гэхэд ямар байснаа ямар болов. 30 жилийн дотор үсрэнгүй хөгжлөө. Монгол Улс өнгөрсөн 30 жилд хөгжих боломж байсан уу гэвэл байсан. Норвеги, Швейцарийн төвшинд хүрэхгүй ч гэлээ бие даасан хүчирхэг эдийн засагтай, байгалын баялгаа зөв хуваарилах системтэй, ядуусгүй орон болж болох л байсан. Гэвч манай  улс ийм замаар яваагүй. Иймээс бид Үндсэн хуульд тайван замаар маш зөв хариуцлагын тогтолцоог бий болгосон өөрчлөлтийг оруулах ёстой юм.