С.Энхтөр: Нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хувааснаар түгжрэл  буурна

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр болон холбогдох мэргэжлийн хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд цогц арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд гол ажиллагаагаа явуулж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин хотын С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдгээрээ үйлчилнэ. Дээр нь одоо хотод байгаа 2382 авто зогсоолын тоог 15 мянга 696 болгон нэмнэ. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна. Цаашдаа авто зогсоолыг бүгдийн төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно. Гэхдээ зогсоолын төлбөрийг нэмэхгүй гэсэн юм. Тэрбээр цааш нь хотын “А” бүсчлэлд жолооч нарын автомашиныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд жолооч нар гарагийн хязгаарлалтаар замын хөдөлгөөн оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан гэдгийг онцолж байлаа. Мөн ингэснээр хотын “А” бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна гэдгийг онцолж байв. Түүнчлэн бүсчлэлийн тэмдгүүд нь замын хөдөлгөөний дүрмийн стандартад орсон албан ёсны тэмдэг бөгөөд энэ тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар  хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан санууллаа.

Түүнчлэн нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:

  • “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах аж.

Албаныхны ярьснаар нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хувааснаар эерэг үр дүн гарах аж. Тодруулбал, ажлын хэсгийнхэн хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын улд олон аргачлал судалсан аж. Улмаар дээр ярьсан бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр автомашинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байгаа дүр зураг ажиглагдсан. Түүнчлэн бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Бүсчлэлд амьдарч байгаа иргэд хөдөлгөөнд оролцохгүй, бүсчлэлээсээ гараад явбал зогсоол болон жолооч нарт хэрэглэгддэг асуудлууд хэвийн үргэлжилнэ. Яагаад зөвхөн ажлын цагаар гэвэл хөдөөгөөс ирж, явж байгаа нөхцөл байдал нь ажлын бус цагаар чөлөөтэй гэж байсан юм.