Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаад багагуй хугацаа өнгөрч байгаа.

Тодруулбал, ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан гээд нийт есөн хүнийг шалгаж байсан. Тэгвэл тэднийг шалгаж дууссан бөгөөд Нийслэлийн прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Б.Хурц нарт холбогдох гэм буруугийн шүүх хурлыг мягмар гарагт буюу долдугаар сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ.