НОСК: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг энэ сарын  22-ноос наймдугаар сарын 5 хүртэл бүртгэнэ

Нийслэлийн Орон Сууцны Корпорациас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хороололд 972 айл түрээсийн орон сууцанд хамрагдана. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Б.Сүхбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Албаныхны ммэдээлснээр, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд бүртгэх ажээ. Бүртгүүлж буй иргэдийн хувьд хэзээ бүртгүүлэх нь хамаарахгүй харин бүртгэлийн мэдээллээс шалтгаалж эрэмблэнэ. Улмаар цахим бүртгэлийг хийж, сонгон шалгаруулалтыг явуулах аж. Харин дараа нь сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах ажээ. Мөн цахим бүртгэлийн хувьд цаасан бичгээр баримт бичиг шаардахгүй ба энэ талаархи илүү их мэдээллийг nosk.ub.gov.mn сайтаас авах боломжтой гэж байв.   

Энэ талаар Б.Сүхбаатар дарга "Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна. Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэх мэт. Үүнд албан ёсны хариулт өгөхөд энэ удаад аль нэг мэргэжил, байгууллагад давуу эрх олгохгүй. 100 хувь бүртгэлийн мэдээллээр явна. Орон сууцны хувьд 68.59 мкв гурван өрөө, 49.23 мкв хоёр өрөө, 39.3 мкв хоёр өрөө гэсэн гурван сонголт бий. Үүнд найман төрлийн иргэд хамрагдахаар журамд заасан. Түрээсийн орон сууцыг агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийж байгаа тул зөвхөн гэр хорооллын иргэд хамрагдана. Анх удаа түрээсийн орон сууцыг өмчлөх хэлбэрт оруулж байгаа. Энгийн түрээс нь зөвхөн түрээсээ төлөх бөгөөд өмчлөх боломжгүй. Харин өмчлөх нь таван жилийн хугацаанд төлбөрөө төлж гүйцээж төлнө. Цалингийн болон тэтгэврийн гэм мэт зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Хамгийн гол нь иргэн зээлээ төлөөд дээрээс нь түрээсээ төлж чадах хэмжээний орлоготой байх ёстой" гэсэн юм.

Түүнчлэн  сүүлийн үед цахим бүртгэл эхэлсэн. Айлууд нь орох гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Харин үүнд албаныхан “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд өнөөдрийн байдлаар нэг ч айл орох эрх аваагүй. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Харин Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана гэсэн. 

Мөн иргэдэд таван жилээр түрээсийн орон сууцны түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1 сая 450  мянган төгрөг. Энэ бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ. Бид энэ үнэ дээр ямар ч мөнгө нэмээгүй. Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга 550 төгрөгөөс 411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаална. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1 сая 600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой гэсэн.

Түүнчлэн энэ үеэр зарим зүйлийг онцгойлон анхааруулж байсан. Тодруулбал, түрээсиийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд зорилтот найман бүлгийн зөвхөн нэг ангилалд нь бүртгүүлнэ. Иймээс аль ангилалд орох вэ гэдгээ гэр бүлээрээ сайн ярилцаж байж бүртгүүлээрэй. Мөн худал мэдээлэл оруулсан нь тогтоогдвол НОСК-ийн хар жагсаалтад орж, дараа дараагийн түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй болно. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй шүү гэж байв.