Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Тухайлбал АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг орны баг тамирчид Монгол улсад буугаад байна. Азийн АШТ энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгууллаа. СургалтыгАзийн жюүжицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр хоёр өдрийн хугацаанд удирдан явууллаа. Онол, практик хослуулсан сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгсөн юм. Сургалтанд 30 гаруй шүүгчид хамрагдаж олон улсын шүүгчийн шалгалт өглөө. Жюү жицүгийн Азийн АШТ-ий нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд буюу лхагва гарагт 16:00 цагт болж байна. Жюү жицүгийн Азийн АШТ-д нийт 13 орны 19 шүүгч ажиллаж байна. Манай улсаас 3 шүүгч тэмцээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчид 331, өсвөрийн ангилалд 77 нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдөх юм. Өсвөрийн ангиллын тэмцээнийг тодотгоод хэлэхэд ирэх жил манай улсад МУ-ын ерөнхийлөгчийн ивээл доор “Азийн хүүхдүүд-2020” өсвөрийн томоохон наадам болно. Үүний өмнөх томоохон тест эвент бол жюү жицүгийн өсвөрийн Азийн АШТ юм. Иймээс Азийн орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн манай улс руу илгээжээ. Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн 4 төрлөөр явагдана. NeWazaJiuJitsu, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu гэсэн 3 төрөлд эрэгтэй -56, -62, -69, -77, -85, -94, +94 кг, эмэгтэй -45,- 48, -52, -57, -63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн гурван ангиллаар медалийн эздээ тодруулна. Харин энэ сарын 20-ны өдөр өсвөрийн тамирчдын тест эвент явагдах тус тус хуваарьтай байна. Өнөөдөр тэмцээний дэвжээнд манай улсаас 17 тамирчин өрсөлдөж байна.