Ерөнхийлөгч ҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлж чуулганы хуралдаанд оролцоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгч оролож үг хэлэх аж.

Тодруулбал, төрийн тэргүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлж чуулганы хуралдаанд оролцох юм байна. Төрийн тэргүүний хувьд баяр наадмын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яарч сандран, нэг хэмжиж хэлэлцэх бус, баяр наадмын дараа олон талаас нь тооцоо судалгаатай хэлэлцэнэ үү” гэсэн албан бичиг илгээсэн. Энэхүү албан бичгийг  МАН-ын бүлэг хүлээн авч улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 16-ныг хүртэл буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Энэ дагуу өнөөдөр Ерөнхийлөгч хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа хэлнэ. 

Харин маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бөгөөд улмаар Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болсон юм. 

Дашрамд мэдээлэхэд Ерөнхиийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Түүний  ярьснаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох саналтай байгаа аж. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн байна. Хуулиар 801-ээс доошгүй хүн нэгдэж нам байгуулдаг босгыг өндөрсгөж, доод босго нь 10 мянган хүн байх, мөн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг мөн гаргажээ. Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож баталвал түүнийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн МАН-ын Тусгаар тогтнолын ордон, АН-ын баригдах гэж буй Ардчиллын ордон зэрэг намуудын байр төрийн өмчид шилжих аж. Эдгээрээс гадна Ерөнххийдлөгч төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналууд хүргүүлжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг эхлээд эрх баригч намын бүлэг болон УИХ дахь байнгын хороод хэлэлцэх аж.