Монголын сонгодог урлагийн ДОМОГ Б.ШАРАВ тэнгэрийн оронд заларлаа

Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийд цуурайтуулж, данстай болгож чадсан эрхэм хүмүүн болох Бямбасүрэнгийн ШАРАВ таалал төгсчээ. 

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баяр наадмын өмнөхөн Хөдөлмөрийн баатар цол олгоод байсан бөгөөд тэрээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд "Улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна" хэмээн өгүүлж байсан юм.   

Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн бөөгөөд 67 насыг зооглоод байсан юм.

Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн. 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2019 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээд байсан юм.

Түүнчлэн Б.ШАРАВ Монголын сонгодог урлагийн түүхэнд бичигдэх олон бүтээл туурисан бөгөөд "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллаж байсан билээ. 

Б.ШАРАВЫН гэр бүл, үр хүүхэд, хамт олон найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ