УЦУОШГ: Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс:

7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Урдтамир, өврийн Заг, Цагаантуруут, Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-90 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Цагаантуруут, Чулуут гол үерийн түвшинг 15-35 см даван хүчтэй үерлэж байна.   Мөн Буянт, Ховд гол үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.